Монгол орны газрын зурагт Дорнодын тэгш тал руу шурган орсон Хэнтий нурууны салбарын уулсын өмнөд хэсгийн өндөр газрыг хүрэн улаан өнгөөр тэмдэглэсэн байдаг нь домогт Хэрлэн Баян Улаан уул юм. Түүний энгэр бэлээс нар тоссон тэнэгэр уудам тал Хэрлэн Цэнхэрийн тунгалаг усаар эмжигдэн байдаг нь бүхэлдээ эртний түүхт * Хэрлэнгийн хөдөө арал * юм. Энэ нутагт олон зууны туршид Монголын эртний сурвалжит Боржигон Жүрхэн, Мэргэд зэрэг аймгийнхан оршин суудаг байсан бөгөөд одоо ч тэдгээр аймаг угсааны хүмүүс энэ нутагт аж төрөн амьдарсаар байна.
Монгол туургатны төвлөрсөн улс бүрэлдэн тогтох түүхийн ээдрээ төвөгтэй үеийн зангилаа үйл явдлууд нь энэ нутагт болж дэлхийн болон Азийн нүүдэлчин ард түмний соёлын гайхамшигт бүтээл болсон “Монголын нууц товчоо” хэмээх түүх уран зохиолын дээж бичиг энэ нутгийн хүйс болсон эртний “Ауруг” балгасын ойролцоо туурвигджээ. ХIII зууны гурван голын Монголчууд Тэмүүжин-Чингисийн дайчин тугийн дор нэгдэж Хамаг Монголын нэгдсэн улс төрийг байгуулж бэхжүүлсэн түүхэн онцлог үйл явдлын дэвжээ нь энэ нутаг байсан юм. Тийм ч учраас энэ нутагт Монгол үндэстний сэргэн мандсан буурч доройтсон олон үеийн түүхийн гэрч болсон түүхийн ба домогт газар усны нэр олонтаа гардаг. Долоон болдог , Шилхэнцэг, Ауруг балгас, Замагт нуур, Арван гурвын овоо, Ар өвөр хүйтэн, Чингисийн зам, Гүүн зэлний гадас, Хөдөө бүрд, Гүн бүрд, Ацаагийн хад, Цоож чулуу зэрэг олон арван газрын нэр ус, түүх домгийн хэлбэрээр өнө эртнээс өнөөг хүртэл уламжлагдан иржээ. Тэрчлэн Өндөр гэгээн Занабазар болон Манж –Ойрадын дайны үеийн холбогдолтой газар орон түүх дурсгалын зүйл ч байдаг зэргээс бодоход “Хэрлэнгийн хөдөө арал” нь түүх домгийн өлгий нутгийн нэг билээ. Ардын Хувьсгал мандахаас өмнө Цэцэн хан аймгийн Зоригт бэйс Мижиддоржийн хошуунд багтаж байсан. 1923 онд байгуулагдсан Дашбалбарын уулын хошуунаас 1931 оны 2-р сарын 7-нд Дэлгэрхаан сум нэртэйгээр байгуулагдсан юм. Тус сум нь 157,4 мянган га нутаг дэвсгэртэй , тариалан хадланд тохиромжтой 37 мянган га газартай тал хээрийн бүсэд оршдог.
Манай нутаг Хангай хээр хосолсон, ус ургамал жигдэрсэн, ан амьтан араатан жигүүртэн шивээлсэн байгалийн тансаг сайхан нутгийн нэгэнд тооцогддог. Нутгийн хэвлийд нь нүүрс, нефть, эрдэнийн чулуу, эмийн ач холбогдолтой олон зүйл эрдэнийн баялагтай. Хүн амын ундаа болсон Хэрлэн, Цэнхэр, томоохон гол Уу, Агуйт, Уст, Хайлантай, Аварга, Бургалдай , Мааньт Цэнхэр зэрэг жижгэвтэр гол горхи Тосон бүрд , Замагт Шорвог, Цагаан , Хөдөө, Хөл зэрэг урсгал болон тогтмол устай нуур олонтой. Ялангуяа исгэлэн хүйтэн рашаан, Тосонгийн эмчилгээний шавар ус нь “Аварга тосон “ рашаан сувилал нэрээрээ улс орон даяар алдаршжээ.Монгол Улсын хичээнгүй сайд Балингийн Цэрэндорж, гавьяат уран зохиолч Мөрдэндэвийн Ядамсүрэн , Д.Авирмэд зэрэг хөдөлмөрийн гараагаа эхэлсэн алдар цуутнууд байна.
Дэлгэрхаан сум нь 157,4 мянган га нутаг дэвсгэртэй , тариалан хадланд тохиромжтой 37 мянган га газартай тал хээрийн бүсэд оршдог , хангай хээр хосолсон нутаг юм. Улаанбаатар хотоос зүүн урагш 250 км, Хэнтий аймгаас баруун тийш125 км-т оршдог Засаг захиргааны нэгжийн хувьд Сумын Иргэдийн Төлөөлөгчлийн Хурал, ЗДТГазар, Хэрлэн Баян Улаан тосгоны Захирагчийн алба бүхий 1 тосгон, 3 багийн бүтэцтэйгээс гадна ЕБСургууль , хүн эмнэлгийн салбар, холбоо, соёлын төв , ХАА-н Хаан банкны салбар, Эргэлтийн эмийн сан, Зэвсэгт хүчний 232-р анги зэрэг соёл боловсрол, эрүүл мэнд, аж ахуйн үйлчилгээний олон байгууллагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний зэрэгцээ Буянт од хоршоо өргөн хэрэглээний нэрийн барааны дэлгүүрүүд, Тосонгийн нуурыг түшиглэн байгуулагдсан Аварга тосон рашаан амралт Жуулчин бааз, Цэргийн госпиталын салбар, Дорноговийн Анагаах Ухааны Сургуулийн амралтын газар, Хүдэр ус зэрэг байнгын бөгөөд улирлын чанартай 23 гаруй аж ахуйн нэгж, ХХКомпаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн тус сум нь Багануурын эрчим хүчний системд холбогдож найдвартай цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан нь аж ахуй, үйлчилгээний газруудын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ард түмний ахуй соёлын дэвшилтэнд чухал алхам болсон юм. Үүнээс гадна өнөөдрийн байдлаар тус сумын хэмжээнд 171 автомашин, 2 трактор, 45 мотоциклийг иргэд хэрэгцээндээ
хэрэглэж байгаа нь оршин суугчдын тодорхой хэсэг нь амьдралын түвшингээ дээшлүүлсний нэг үзүүлэлт гэж болно.
2016 оны байдлаар Дэлгэрхаан сум нь 2396 хүн амтай , 50,1 % нь эмэгтэй, 49,9 % нь хөдөлмөрийн насны хүн байгаагаас 50,8% нь орон нутгийн хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээ, соёлын байгууллагад ажилладаг. Бүх хүн амын 80 гаруй хувь нь бага дунд болобвсролтой болжээ. Тус сум нь бэлчээрийн аж ахуй голлосон эдийн засгийн гол салбартай. 2016 оны эцэст 245082 мянган толгой мал тоолуулснаас тэмээ 76 адуу 17256 үхэр 12823 , хонь 119257 , ямаа 99670 мянган толгой мал тоолуулж мал 4 төрөл дээрээ урьд оныхоос өслөө.Сумын хэмжээнд 53 мянгат малчин өрхтэй боллоо.
Тус суманд малын үүлдэр угсааг сайжруулахаар Барга омгийн хонь, Дорнод Монголын үхрийг ашиглаж байгаа ба нутгийн шилмэл адууны суурь зохион байгуулж , монгол адууны ашиг шим, төлөрхөг чанар, хурдлах чадвар, тэсвэр хатуужлыг сайжруулах чиглэлээр үржлийн ажил явуулж байна. Цагаан морин жилд морьтон ардын санаачлагаар * Хөдөө арлын хүлэг * уяачдын холбоо байгуулагдаж үйл ажиллагаа нь өргөжиж байна.
Дэлгэрхаан сумаас хурд тэсвэрээр гайхамшигтай Замбага хээр, Хонгор зээрд, Лувсандоржийн хар, Нэгдэл зээрд, Даваанэрэнгийн хүрэн халзан, Монгол Улсын Манлай уяач Х. Сүрэнхорын хээр, зэрэг хурдан хүлгүүд тодорч аймаг улс даяар алдаршсан юм.