Халхын Сэцэн хан аймгийн Дархан хошой Чин дангийн хошуу, Эрдэнэдалай вангийн хошууны нутаг нь 1655-1707 онуудад байгуулагдсан бөгөөд Их эзэн Чингис хааны эх Өэлүн, дүү Отчигон хоёрын нутаглаж бүхий газар хэмээн түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд мөн Хубилай хааны төрсөн нутаг болох талаар түүхийн улбааг эрдэмтэд судлан тогтоохоор ажиллаж байна.
Ардын хувьсгал ялсны дараагаар 1923 онд Хан Хэнтий уулын аймагт багтан байгуулагдсан, түүхэндээ 3 удаа томоохон нүүдэл хийж, 1941 онд Хөндлөн Ухаагаас Жавхлантын өвөрт ирж суурьшжээ.
Тус сум нь 338.1 мян.га газар нутагтай, Дорнодын их талын баруун зах, Хэнтий аймгийн зүүн хилд Батноров, Норовлин, Баянхутаг, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумдтай хил залган оршдог.
Баян-Овоо сум нь Монголын Дорнод талын их муж, Халхын дундад ба Дарьгангын талархаг мужийн Ухаа гүвээт Халхын дундад талын тойрогт хамрагдах бөгөөд хээрийн бүсэд далайн түвшнээс дээш 830-1400м-т оршдог.
Нутгийн урд хэсэгт байгалийн үзэсгэлэн цогцолсон, геологийн өвөрмөц тогтоцтой “Хар-Ямаат”-ын БНГ 40.5 мян\га, зүүн хэсэгтээ тал хээрийн экосистемийг бүрдүүлэгч цагаан зээрийн нутаг болох “Тосонхулстай” БНГ 54.9 мян\га нутгийг хамардаг.
Хар-Ямаатын БНГ-т улиас, улиангаран төгөлтэй, өрөл, мойл, нохойн хошуу, гүйлс, бүйлс зэрэг сөөг, сөөгөнцөр ургадаг. 160 гаруй зүйлийн ургамал ургадгаас эмийн болон хүнсний ашигт ургамал 30-аад хувийг эзлэх бөгөөд эртний үлдвэр ургамлуудын зүйлээр баялаг. Халиун буга, бор гөрөөс болон саарал чоно, дорго, цагаан зээр, талын үнэг, хярс үнэг, бор туулай зэрэг тал хээрийн амьтад амьдардаг. Мөн талын бүргэд, талын сар, идлэг шонхор зэрэг өвөлждөг шувуудаас гадна нүүдлийн болон эргийн усны шувууд элбэг тохиолдоно.
Тосонхулстайн БНГ-т Монгол Дагуурын хэв шинжийг хадгалсан ургамал, амьтны аймгийн зүйлийн бүрдлээр баялаг, гадагш урсгалгүй олон тооны битүү хонхор, хонхорууд нь хур борооны болон гадаргуугийн урсгалаар тэжээгдэн нуур тойрмууд үүсгэх учир усны шувууд түр хугацаагаар буудаллан саатах, өндөглөх зэрэгт тохиромжтой. Тиймээс биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд ач холбогдолтой нутаг юм.