Хэнтий аймгийн Жаргалтхаан нь 1923 онд байгуулагдсан. Хуучнаар Сэцэн ханы аймгийн Баатар бэйлийн хошуу, 1923 оны Монгол Улсын засаг захиргааны өөрчлөлтөөр Баянзүрх уулын хошуу болж шинэчлэн байгуулагдсан бөгөөд 1931 онд Жаргалтхаан сум хэмээн нэрлэгдсэн түүхтэй.
Жаргалтхаан, Цагаан нуур эрт үеэс эдүгээ цагийг хүртэл Их Хүрээ, Халхын зүүн аймгуудын хооронд зорчин аялагсад, эргэл мөргөлчид, худалдаа наймаачид, аянчин жинчин, ажил хэргийнхний зам мөрт оршин тогтносоноороо бүхний чихэнд содхон агаад түмний танил болсон нутаг билээ. Эцэс төгсгөлгүй цаг хугацааны урсгал дунд Жаргалтхаан уул амгалан энхийн бэлэгдэл мэт тайвнаар дүнхийн цэнхэртэж, бэл хормойд нь Цагаан нуур цайран цайвалзсаар нүднээ тусна.
- Нутаг дэвсгэрийн хэмжээ, газар зүйн байршил,онцлогийн талаар
Тус сум нь 275 мянган га талбайтай, баруунаас зүүн тийш 71 км өргөн уудам газар нутгийг эзлэн оршино. Нутаг дэвсгэр нь далайн түвшнээс дээш дунджаар 1358 м өргөгдсөн. Жаргалтхаан уул нь далайн түвшнээс дээш 1614 м өндөртэй, нутгийн тахилгат, унтарсан галт уул юм. Нугат намгийн цэвдэгт болон цайвар хүрэн, нимгэн хар шороон хөрстэй. Цаг уурын нөхцөл нь хуурай, сэрүүн зунтай хатуу өвөлтэй.
Хэнтийн нуруу, түүний захын салбар уулсын захын уулс, тал хээр хосолсон 285329 га газар нутгийг эзлэн орших ба зүүн чиглэлийн хэвтээ тэнхлэгийн Мянганы зам сумын төвөөр дайран өнгөрдөг. Далайн түвшнээс дээш дунджаар 1358 м өргөгдсөн. Сумын төв Улаанбаатар хотоос 230 км, Чингис хотоос 100 км-т оршдог.