Биндэръяа хан уулын хошуунд 1500 өрхтэй 10 сум буй болсны нэг нь 1923 онд байгуулагдсан Шуусын голын хөвөөний Баян-Өлзийт сум бөгөөд тэр нь одоогийн Баян-Адрага сум байжээ.
Баян-Адрага сум нь баруунаараа Биндэр, зүүн хойгуураа Дадал, зүүнээрээ Норовлин, урдуураа Батноров сумтай хиллэн 3021 ам км талбай бүхий нутаг эзлэн оршино. Сумын төвийн өмнө байрлах Дуурлиг овоо нь Онон мөрний хөвөөнд далайн түвшнөөс дээш 1000 орчим митер өндөрт х.ө 480 33i , з.у 1110 05i -ын солбицолд Өндөрхаанаас хойш 154 км, УБ –с 440 км зайтай оршино.
Сум нь 2.4 мянган хүн амтай. Дуурлиг нарсанд орших “хүннүгийн булш”-ийг улсын хамгаалалтанд авсан.Сумын тахилгат уул нь Адрагын овоо, Баян-Өлзийт, Авшиг овоо, Арангат овоо гэсэн гол тахилгат овоонууд байдаг. Сумын нутаг дэвсгэр нь Хэнтийн нурууны зүүн зах, Эрээний нурууны баруун урд захын намхан уул толгодод байрлана. Сумын нутгийн зүүн хэсэгт орших 1437м өндөр Хөх чулуут уул нь сумын хамгийн өндөр уул юм. Сумын хамгийн нам цэг нь Онон гол сумын нутгаас гарч буй хэсэгт далайн түвшнээс дээш 930 м орчим юм. Өнгөт төмөрлөг, жонш зэрэг баялагтай. Сумын нутгаар алдарт Онон гол 80 орчим км урсана.
Ононгийн цутгал Арангат, Шуус, Урт, Баруун булаг, Хүйтэн, Сайхан зэрэг гол горхи урсана. Сайн цагаан, Холбоо, Шийр-Улаан, Баян зэрэг нуруудтай. Гидрокарбонат –кальци- магнийн найрлагатай Арангатын рашаан бий.Тайгын ширэгт, Хар шороон, хар хүрэн, хүрэн хөрстэй, шинэст, нарс, хус, улиасан ойтой, мойл, улаалзгана, өрөл зэрэг жимсгэнэ элбэг. Уулын хээрийн бэлчээр хадлангийн ургамалтай. Нэн ховор амьтан Цэн тогоруу, ховор амьтадаас тоодог, буга, бусад амьтадаас дагуур зараа, гахай, шилүүс, чоно, үнэг, хярс, тарвага болон усны, нүүдлийн шувуудтай. Гол мөрдөөр нь тул, зэвэг, цагаан хадар, амрын хадран, амрын цурхай, амрын сугас, улаан живэрт, морин загас, мөнгөлөг хэлтэг, булуу цагаан, цулбуурт гутаар зэрэг загас бий. Нутгийн хойд хэсэг Онон Балжийн байгалийн цогцолборт газарт багтана. Хувийн хэвшлийн 16 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сумын эдийн засгийн голлох салбар нь газар тариалан, худалдаа үйлчилгээ юм. Газар тариалангийн “Идэр-Онон” ХХК, “Мөнхийн Дуурлиг” ХХК зэрэг ААНэгж тариалалт хийдэг ба нийт эргэлтийн талбай 3200 га байдаг.