АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Мөнх хөх тэнгэрийн зарлигт их Эзэн Чингис хааны өлгий, өндөр их хаад, хатдын нутаг, Монгол төрийн голомтыг сахин суугаа Хан Хэнтийчүүд, Нутгийн  зон олныхоо амар мэндийг эрэн мэндчилье.

“Хэнтий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” хүрээнд Бид өмнөх жилүүдэд аймгийн Засаг даргын 4 жилд  хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөөс тухай жилийн тэргүүлэх зорилтуудыг авч, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 1 жилийн үндсэн чиглэлээ  боловсруулан, батлуулдаг байсныг та бүхэн санаж байгаа.

Харин энэ удаад 2020 онд шинэчлэн найруулсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагын дагуу, Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон бусад дунд болон урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан “Хэнтий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны бодлогын   баримт бичгээ боловсруулсан тул илүү өргөн цар хүрээтэй, алсыг харсан, дунд хугацаанд нийгэм, эдийн засгийн хөгжилд бий болохоор хүлээгдэж байгаа өөрчлөлтийг илэрхийлж байгаагаараа онцлогтой.

Ингээд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг дээдэлсэн, хүний хөгжлийг эрхэмлэж, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, амар тайван аюулгүй амьдралын баталгааг хангах, эдийн засаг болон Засаглалын зөв бодлогыг хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй, хөгжлийн шинэ шатанд хүрсэн аймаг болохын төлөө 8 багц асуудлын хүрээнд төлөвлөсөн зорилго,зорилтын хүрээнд  эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, амжилттай гүйцэтгэж, хүлээн авах нь та бидний үүрэг хариуцлага юм.

Хэнтий аймаг уул хөндий, ус мөрнөө ухаж газрын хэвлийн баялгаараа хөлжих биш Их Эзэн Чингис хааныхаа бүтээн босгосон түүх, бидэнд үлдээсэн өв соёл, газар шороог хамгаалж, хүн төрөлхтөнд сурталчилж, тогтвортой-түүхэн аялал жуулчлалын бодлогоороо хөгжих нь тодорхой болсон. Ийм ч учраас түүх, соёл, эд өлгийн дурсгалт аялал жуулчлалын зургаан цогцолбор баригдаж эхэлснээс гадна түүнийг дагасан зам харгуй, үйлдвэрлэл үйлчилгээ шинэ тутам байгуулагдаж эхэллээ. Ард иргэд маань итгэл үзүүлсний хүчинд сүүлийн 20 гаруй жил яригдсан ч шийдвэрлэгдээгүй байсан олон асуудлыг бид хамтдаа шийдвэрлэж чадлаа.

Айл өрх бүрийн хийморьт аз жаргал, инээд баясал цалгиж, хүн бүрийн зүрх сэтгэлд энэрэл нигүүслийн гэрэл гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай.

Морин дэл дээр ассан Монгол хүний галын дөл шигээ өөдөө байг.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ