“Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх орон нутгийн сангийн журам”-ын төсөлд та бүхэн саналаа өгнө үү.

2022.02.15
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Фото мэдээ
ОРОН НУТГИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ОРОН НУТГИЙН САНГИЙН ЖУРАМ /Төсөл/ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйл...

ОРОН НУТГИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ОРОН НУТГИЙН САНГИЙН ЖУРАМ

/Төсөл/

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь заалтууд нь энэхүү журмын зохицуулалтын эрх зүйн үндэслэл болно.

1.2.Орон нутгийн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий  төсвийн бус хөрөнгөөс бүрдсэн, орон нутгийн хөрөнгийг төлөвлөх, бүрдүүлэх, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тооцох, түүнд хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө.

1.3.Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, урьдчилан төлөвлөн нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй хүчин зүйлээс шалтгаалан төсвийн жилийн явцад шаардагдаж болзошгүй төсвийн зардлыг нөхөн санхүүжүүлэх, төсвийн бус орлогын эх үүсвэрийг санаачлан бүрдүүлэхэд Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих сан /цаашид “Орон нутгийн сан” гэх/-гийн зорилго оршино.

1.4. Энэхүү журмыг сумын орон нутгийн сангийн журмыг боловсруулахдаа  нийтлэг байдлаар ашиглаж болно.

 Хоёр.Орон нутгийн сангийн эх үүсвэр

2.1.Орон нутгийн сангийн орлого нь дараахь эх үүсвэрүүдээс бүрдэнэ:

2.1.1.Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухайн жилийн үйл ажиллагааны цэвэр ашгийн 50 хүртэл хувь;

2.1.2.Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн бүх төрлийн хандив;

2.1.3.Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдээс нийгмийн хариуцлагын хүрээнд олгох санхүүжилт, хандив;

2.1.4.Орон нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олгож буй санхүүгийн дэмжлэг;

2.1.5.Бусад орлого.

Гурав. Орон нутгийн үйл ажиллагааг дэмжих

сангийн төлөвлөлт, зориулалт

3.1.Орон нутгийн санг орон нутгийн чиг үүргийг гүйцэтгэх хүрээнд орон нутгийн төсвийн бус орлогоос бүрдүүлэх боломж, санхүүгийн эх үүсвэр дутмаг байгаа дор дурдсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан зарцуулна:

3.1.1.Орон нутгийн үндсэн чиг үүрэгт хамаарах аливаа төсөл, арга хэмжээ;

3.1.2.Төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардлыг санхүүжүүлэх;

3.1.3.Урьдчилан тооцох боломжгүй, цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал /төсөвт тусгагдаагүй гадаад, дотоодын зочин, төлөөлөгчдийг хүлээн авахтай холбогдсон зардал, олон улсын болон улс, орон нутгийн чанартай уралдаан тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх зардал гэх мэт/;

3.1.4.Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагуудаас тавьсан санал хүсэлтийг шийдвэрлэх;

3.1.5.Орон нутгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлэх;

3.1.6. Аймгийн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг санхүүжүүлэх;

3.1.7.Тэгш ой тохиож байгаа сум, тосгон, байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

3.1.8.Цөлжилтийг бууруулах, ойжуулалтыг бий болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

3.1.9.Агаарын бохирдол, хог хаягдлыг бууруулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх;

3.1.10.Орон нутагт нэн шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

3.1.11.Аймаг, орон нутгийн нэрийг тив, дэлхий, улсын хэмжээнд гаргасан иргэдийг шагнах, урамшуулах, хүндэтгэл үзүүлэх;

3.1.12.Түрээсийн болон хямд өртөгтэй орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

3.1.13. Машин, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт

3.1.14. Нийгэм болон эдийн засгийн чиглэлээр хийгдэх судалгааны ажлын зардал;

3.2.Орон нутгийн сангийн орлогын хэмжээг энэхүү журмыг хэрэгжүүлэх  зорилгын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар нийт дүнгээр нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон батална.

Дөрөв. Орон нутгийн сангаас хөрөнгө зарцуулах шийдвэр

4.1.Орон нутгийн сангаас хөрөнгө зарцуулахдаа аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

4.2.Орон нутгийн сангаас хөрөнгө гаргах тухай шийдвэрт заагдсан хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн орон нутгийн төсөвт батлагдсан орон нутгийн сангийн нийт дүнгээс хэтрэхгүй байна.

Тав. Орон нутгийн санг санхүүжүүлэх,

гүйцэтгэлийг тооцох

5.1.Орон нутгийн сангаас зардал гаргах шаардлага гарсан нөхцөлд төсөл, арга хэмжээг санаачилсан, хариуцан гүйцэтгэх байгууллага, ажилтан нь холбогдох төсөл, төлөвлөгөө, төсвийг зардлын зүйлээр хийсэн дэлгэрэнгүй тооцоог аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлнэ.

5.2.Санхүү, төрийн сангийн хэлтэс нь ирүүлсэн төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, журам болон тухайн үеийн зах зээлийн үнэ ханштай нийцэж байгаа эсэх, уг арга хэмжээ, төсөлд орон нутгийн сангаас хөрөнгө гаргах зайлшгүй шаардлагатай эсэхийг хянан үзэж, холбогдох газар, хэлтсээс санал авч хянуулан Засаг даргын зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

5.3.Засаг даргын захирамжийг үндэслэн Санхүү, төрийн сангийн хэлтэс санхүүжилтийг олгоно. Санхүүжилтийг уг төсөл, арга хэмжээний  хэрэгжилтийн онцлог, үе шатны ажлын гүйцэтгэлтэй уялдуулан бүрэн болон хэсэгчлэн олгож болно. Хэрэгжүүлж буй арга хэмжээ, төслийн онцлогоос шалтгаалан эхний ээлжинд зарим бэлтгэл ажил /материал, түүхий эд бэлтгэх гэх мэт/ хийгдэх бол урьдчилгаа олгож болох бөгөөд урьдчилгааны хэмжээ нийт зардлын 40 хувиас хэтрэхгүй. /хувь нь 40-60 байж болно./

5.4.Тухайн төсөл, арга хэмжээг хариуцан гүйцэтгэж байгаа байгууллага, ажилтан хөрөнгийн зарцуулалтын тайланг уг арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлнэ.

5.5.Зардлын тайланг уг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсөвтэй зэргэцүүлэн гаргаж, байгууллагын дарга, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байхаас гадна үндсэн баримтын нэг хувийг  хавсаргана.

5.6.Орон нутгийн сангийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг  хариуцан гүйцэтгэж байгаа байгууллага нь зардлыг зохих шийдвэрт заасан  хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд тухайн төрийн сангаас нэмэлт санхүүжилт олгохгүй, харин хэмнэлт гарсан бол төсвийн холбогдох дансанд эргүүлэн шилжүүлнэ.

Зургаа.Тайлагнал, ил тод байдал, хяналт

6.1.Орон нутгийн сангийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарсан сард нь нэгтгэн олон нийтэд нээлттэй тайлагнаж, Шилэн дансны тухай хуульд заасан журмын дагуу байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.

6.2.Орон нутгийн сангийн зарцуулалтын жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнана.

6.3.Орон нутгийн сангийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш 15-20 хоногийн дотор байгууллагын шилэн данс, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

6.4.Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс орон нутгийн сангийн зарцуулалтад хяналт тавьж, зардлын гүйцэтгэл, эх үүсвэрийн үлдэгдлийн мэдээг тооцон гаргаж, дүнг улирал бүр Засаг даргад танилцуулна.

6.5.Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан журмын дагуу тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийнэ.

6.6. Төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн үйл ажиллагааг дэмжих сангийн санхүүжилтээр тухайн салбарт хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавина.

6.7.Орон нутгийн сангийн гүйцэтгэлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлнэ.

Долоо. Бусад зүйл

7.1.Орон нутгийн сангаас олгосон хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.

7.2.Зориулалт бусаар зарцуулсан тохиолдолд тухайн байгууллага төсөвт байгууллага бол батлагдсан төсвөөс нь суутган тооцож, аж ахуйн байгууллага бол тухайн байгууллагын харилцах данснаас үл маргалдах журмаар нөхөн төлүүлэх асуудлыг ажил гүйцэтгэгч, захиалагч байгууллагын хоорондын гэрээ, хэлцэлд тусгасан байна.

7.3.Орон нутгийн  сангаас эх үүсвэрийг нь гарган санхүүжүүлж байгаа арга хэмжээ, төслийг хэрэгжүүлэхдээ бараа, материал, ажил, үйлчилгээг тухайн  үеийн зах зээлийн үнэ, ханшаас дээгүүр бэлтгэсэн буюу гүйцэтгэсэн, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, үр ашиггүй зардал гаргасан зэргээр хөрөнгийн ашиглалтад зүй бусаар хандсан тохиолдолд тухайн төсөл, арга хэмжээг хариуцсан төсвийн захирагч, нягтлан бодогч нарт зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна. Хэрэв уг асуудал нь авлига, ашиг сонирхлын зөрчил болон эрүүгийн шинжтэй байвал хууль, хяналтын байгууллагад шилжүүлнэ.

.

[poll id="145"]