АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ХЭНТИЙ АЙМАГТ 70 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 13 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ

2021.09.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Монгол Улс, Азийн хөгжлийн банканд гишүүнээр элссэний 30 жилийн ойн хүрээнд “Орон нутгийн хөгжлийг дэмжих Азийн хөгжлийн банкны түншлэл” сэдэвт бүсийн уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. Тус...

Монгол Улс, Азийн хөгжлийн банканд гишүүнээр элссэний 30 жилийн ойн хүрээнд “Орон нутгийн хөгжлийг дэмжих Азийн хөгжлийн банкны түншлэл” сэдэвт бүсийн уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, АХБ-ны Монгол Улс дахь Дэд Суурин төлөөлөгч Деклан Магий, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичиг Ц.Эрдэмбилэг, АХБ-ны ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, н.Туул нар биечлэн оролцож байна.

Мөн Дорнод Сүхбаатар аймгийн удирдлагууд , БСШУЯ, БОАЖЯ, ХНХЯ болон төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд, АХБ-ны мэргэжилтнүүд цахимаар оролцож байгаа юм. АХБ нь 1991 оноос өнөөг хүртэл Монгол улсын хамгийн гол хөгжлийн түнш байгууллага байсаар ирсэн бөгөөд Хэнтий аймагтай 2002 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж 70 гаруй тэрбум төгрөгийн 13 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.

Эдгээр төсөл хөтөлбөрүүд манай аймгийн нийгэм эдийн засаг, эрүүл мэнд боловсрол, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт чухал хувь нэмрээ оруулсан байдаг.

Тухайлбал 2004 оноос эхлэн 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр аймгийн төрөх эмнэлгийн байр, сумдад эрүүл мэндийн төвийн барилгуудыг барьж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаснаар эрүүл мэндийн салбарыг хөгжлийн шат ахиулж, бусад орны эрүүл мэндийн салбартай мөр зэрэгцэн хөгжих боломжийг бүрдүүлсэн юм.

Мөн 2002 оноос эхлэн 2 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр Өндөрхаан хотын дулаан, цэвэр бохирын шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг эхлүүлж, уурын зуухнуудын хүчин чадлыг нэмэгдүүлсэн зэрэг дэд бүтцийн салбарт томоохон өөрчлөлтийг авчирчээ.

Түүнчлэн Хэрлэн сумын иргэдийн өмнө хамгийн их тулгамдаад байсан цэвэрлэх байгууламжийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж хоногт 3000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй орчин үеийн цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулаад байна.

Тиймээс өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээр зүүн 3 аймагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, санал дүгнэлт, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхой болгох юм.

Манай аймгийн зүгээс аймгийн төвийн болон Бор-Өндөр, Бэрх зэрэг томоохон сум, тосгодод “Хатуу хог хаягдлын менежмент”-ийг сайжруулах, Хэрлэн сумын 3-р багийн гэр хорооллыг ИШС-нд холбох ажилд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлээд байна.