"АЛТАРГАНА" ОУ-ЫН 14 ДҮГЭЭР НААДАМ 7 ДУГААР САРЫН 30, 31-НИЙ ӨДРҮҮДЭД ОХУ-ЫН ӨВӨР БАЙГАЛИЙН ХЯЗГААРТ БОЛОХ УРЬДЧИЛСАН ТОВ ГАРЛАА

2021.04.07
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах "Алтаргана" Олон улсын 14-р наадмыг зохион байгуулах ОУ-ын хорооны өргөтгөсөн хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа. Ташрамд дуулгахад “Алтаргана-2020” ...

Өнөөдөр ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах "Алтаргана" Олон улсын 14-р наадмыг зохион байгуулах ОУ-ын хорооны өргөтгөсөн хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа. Ташрамд дуулгахад “Алтаргана-2020” наадам өнгөрсөн жил товлогдсон байсан бөгөөд Дэлхий дахинд тархсан “Ковид-19” цар тахлаас шалтгаалан нэг жилээр хойшлоод байсан юм.

Хурлын эхэнд Өвөр Байгалийн хязгаарын Засаг даргын орлогч Аягма Гармаевна Ванчикова, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество төлөөлөгчийн газрын дарга Амгалан Ринчинович Базархандаев, Өвөр Байгалийн хязгаарын Засгийн газрын даргын орлогч Өвөр байгалийн хязгаарын Агийн Буриадын бүс нутгийн засаг захиргааны дарга Батомункуев Буянто Балданжапович, Өвөр Байгалийн хязгаарын Агийн Буриадын бүс нутгийн Засаг захиргааны үндэсний соёлыг хөгжүүлэх хэлтсийн дарга Аюшиева Саяна Гармаевна нар үг хэлж, “Алтаргана” наадмын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг хүргэлээ.

Цахим хуралд БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол улсын Хэнтий, Дорнод, Булган, Эрхүү мужийн Усть-Ордын Буриад бүс нутгийн засаг захиргаанаас мөн оролцлоо. Тухайлбал, Хэнтий аймгаас аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Лхагвахатан болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Хурлын илтгэл, үндсэн мэдээлэл дууссаны дараа цахимаар оролцогч талуудын хооронд наадмын зохион байгуулалт, тов, үйл ажиллагаатай холбоотой хэлэлцүүлэг өрнөлөө.

Хурлын хэлэлцүүлэгт Буриад Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төлөөлөгчдийн тэргүүн Баир Дашевич Цыренов, Монгол Улсын Буриадын соёл, уламжлалыг хөгжүүлэх сангийн ерөнхийлөгч С.Билигсайхан, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ,  Эрхүү мужийн Усть-Ордын Буриад бүс нутгийн засаг захиргааны даргын орлогч Андрей Николаевич Дмитриев нар үг хэллээ.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун Алтаргана наадам анх 1994 онд Хэнтий аймагт зохион байгуулагдаж эхэлснийг онцлоод Хэнтий аймаг “Алтаргана” бага наадмыг 14 удаа зохион байгуулж, их наадамд оролцогчдоо амжилттай оролцуулж ирсэн. Энэ удаа /Ковид-19/ цар тахлаас шалтгаалж бага наадмаа зохион байгуулж чадаагүй ч бид оролцогчдоо бэлтгэж эхэлсэн, наадам зохион байгуулахад хамтран ажиллаж, оролцохоо илэрхийллээ.

Буриад зоны урлаг, соёл, спортын "Алтаргана-2020" их наадам 2021 оны долдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Ага сууринд болох урьдчилсан тов гарчээ. Алтаргана наадмыг зохион байгуулах хорооны дараагийн хурал ирэх Тавдугаар сарын 4-ны өдөр болох аж.

"АЛТАРГАНА" НААДМЫН ТҮҮХЭЭС СОНИРХУУЛБАЛ;

Тус наадам анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд ойр хавийн буриад сумдын хүрээнд ардын дуу хуурын наадам маягаар зохиогджээ. Хоёр дахь удаагийн наадам нь Хэнтий аймгийн Биндэр суманд 1996 онд явагдсан. 1998 онд Хэнтий аймгийн Батширээт суманд болсон гурав дахь удаагийн Алтаргана наадам Монгол орны зүг бүрт суугаа Буриад монголчуудыг хамарч өргөжин тэлсэн юм. Улмаар 2000 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд болсон Алтаргана наадамд Эрхүүгийн гэгдэх баруун буриадууд, Улаан-Үдийн гэх тодотголтой БНБуриад улс, Агын буриадаас зочид төлөөлөгчид ирж оролцон нижгэр наадам болсон билээ. Чухам энэхүү наадмын үеэр Алтаргана наадмыг зохион явуулах талаар зөвлөлдөж байх олон улсын хороог байгуулахаар хөөрөлдсөн баримт бий. Эндээс Алтаргана их наадам Монголын хилийг даван дэлхийн Буриад монголчуудын хүсэн хүлээсэн их наадам болох эхлэлээ тавьсан түүхтэй. Тав дахь Алтаргана их наадам 2002 онд ОХУ-ын Агын буриадад болж Усть-Ордын автономит тойрог, Эрхүү, Чита, Москва төдийгүй Өвөрмонголоос анх удаа угсаа гарвал нэгт Шэнэхээн буриадын ахан дүүс ирж оролцсон. Зургаа дахь удаагийн их наадам 2004 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод болж, ОХУ, БНХАУ-аас буриад зоны төлөөлөгчид оролцсон бол 2006, 2008 онд БНБуриад улсын нийслэл Улаан-Үд хот, Эрхүү мужийн төв Эрхүү хотод,  2010 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод, 2014 оны наадам Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдсан.

Алтаргана их наадам зохиогдож асан эхний жилүүддээ их төлөв Монгол улсын Хэнтий, Дорнод аймгийн буриад сумдын хэмжээнд уламжлалт дуу хуур, бүжиг наадмаа сурталчилсан шинжтэй зохиогддог байсан хэдий ч жил ирэх тутам улам өргөжиж, Орос, Хятад дахь буриадаар тогтохгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй гарал нэгтнүүд маань оролцох болсон.

Алтаргана их наадам нь буриадын уламжлалт урлаг соёл, спорт, гар урлал, зан заншил зэрэг үндсэн төрлөөр зохиогдож ирсэн түүхтэй аж. Үүнээс жишээ болгон дурдахад, Дорнод аймгийн Чойбалсан хотод зохиогдсон “Алтаргана-2004″ Их наадмын хүрээнд буриад сурын харваа, хүчит 96 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, буриад ардын дуу, зохиолын дуу дуулаачдын тэмцээн 4 насны ангиллаар, язгуур урлагийн наадам, буриад түүх соёлын үзэсгэлэн, ардын гар урлалын үзэсгэлэн худалдаа, бөө мөргөлийн зан заншил, хуучны маягийн буриад монгол гэр шалгаруулалт, ганган хос морьтон, хос морин тэрэгтэн шалгаруулах зэрэг олон янзын тэмцээн уралдаан явагдаж байсан.

Алтаргана их наадмын тэмцээн уралдаан нь наадмаас наадамд улам бүр баяжин хөгжиж ирснийг харж болно. Тухайлбал, Угсаатны зүйн сэдвийн хүрээнд буриад ардын үлгэр тууль хэлэлцэх тэмцээн, буриадын уламжлалт ахуй, соёл, зан заншлыг сурталчлах “Буриад хүний нэг өдөр” сэдэвт театрчилсан тоглолт, загвар зохион бүтээгчдийн дунд буриад хувцасны уламжлалт ба орчин үеийн загварын тэмцээн, спортын наадам тэмцээний хувьд уламжлалт эрийн гурван наадмын төрлүүд дээр шатрын тэмцээн нэмэгдсэн байна.

Мөн их наадмыг олон нийтэд сурталчлах зорилгоор сэтгүүлчдийн дунд “Алтан саг” сэдэвт радио, телевиз, интернэт, сонин сэтгүүлийн шилдэг бүтээлийн уралдаан, гэрэл зурагчдын дунд “Бидний амьдарч буй ертөнц” сэдэвт уран сайхны гэрэл зургийн уралдаан зэргийг явуулах болжээ. Буриадын язгуур соёлыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэсэн “Буриад суурин” угсаатны аялал жуулчлалын төвийн төслийн үзэсгэлэн-уралдаан, Буриадын гоо бүсгүй шалгаруулах “Дангина” тэмцээн, шүлэг яруу найргийн тэмцээн зэрэг төрлүүд мөн нэмэгджээ.

Монгол Улсын Засгийн Газар, холбогдох яам, байгууллагуудын зүгээс ч Алтаргана их наадамд ихээхэн анхаарал хандуулж, зохих дэмжлэг үзүүлж байна. Наадамд уламжлалт төрлүүдээс гадна бөхийн барилдааныг монгол бөхийн жишгээр явуулах, их насны морьдын уралдаан явуулах, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах зэрэг өөрчлөлт орсон байна. Мөн уран сайхны кино гэсэн шинэ номинаци нэмэгдсэн. Халимаг, Баргаас хүртэл төлөөллөө оролцуулдаг болсон ажээ. Ийнхүү өнө удаан жилийн баялаг түүх, соёлын арвин уламжлалтай Буриад зоны бахархал болсон Алтаргана их наадмын утга агуулга, ач холбогдол нь жилээс жилд нэмэгдэн, улмаар бүх монгол туургатныг хамрах төлөв ажиглагдаж байна. Үүний цаад шалтгаан нь асар хурдацтай өөрчлөгдөн хөгжиж буй өнөөгийн дэлхий ертөнцөд дан гагц буриадаар тогтохгүй нийт Монгол угсаатанд уламжлалт өв соёлоо хадгалан үлдэх, үр хойчдоо өвлүүлэх, хөгжүүлэн бэхжүүлэх шаардлага тулгарч байгаатай холбоотой. Үүний нэгэн илрэл нь сүүлийн жилүүдэд Барга, Үзэмчин нарын зохион явуулах болсон “Баргажин”, “Алтан дөрөө” зэрэг урлаг соёлын наадам юм.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ