ТӨР ТҮМНИЙ ТӨЛӨӨХ АРДЫН ЭЛЧ

2021.01.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдөр. Тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн морин цагт буюу 11 цаг 35 минутад ард түмнээ төлөөлөн сонгогдсон АИХ-ын 420 гаруй депутатууд 76 хоног х...

Өнөөдөр Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдөр. Тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн морин цагт буюу 11 цаг 35 минутад ард түмнээ төлөөлөн сонгогдсон АИХ-ын 420 гаруй депутатууд 76 хоног хэлэлцэн дээрх хуулийг баталсан түүхтэй. Энэхүү түүхэн үйл хэрэгт Хэнтий нутгаас сонгогдсон 23 депутат оролцсоны дотор АИХ-ын 403 дугаар тойргоос Галшар нутгийнхны итгэл найдварыг хүлээн сонгогдсон депутат Наваанмөнхийн Дэрийлаа тооллогын комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан байдаг. Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа... хэмээн СГЗ яруу найрагч Ш.Гүрбазар нэгэнтээ шүлэглэсэн нь бий.

Монголчууд бид бахархах түүх, бардамнах омогшил дүүрэн ард түмэн. Энэ л нутаг оронд хүн болж төрсөндөө би хувьдаа өдөр бүр талархдаг. Түүхийн хуудсыг эргүүлэн байхуйд тэртээ арван гуравдугаар зууны эхээр Монголын эзэнт гүрний их хаан Чингис Төв Азийг морин туурайгаар тамгалж, түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байсан. Энэ амжилт, түүхэн үнэнг үгүйсгэх нэгэн үгүй биз ээ. Харин энэ цаг дор өнөөгийн залуус бидэнд үнэлж баршгүй эрх чөлөө, өөриймсгөөр хандах, хэрэглэх ардчилсан шинэ Үндсэн хуулийг бий болгож, баталгаажуулж өгсөн Ардын Их Хурлын депутатуудаа алдаршуулан дээдлэхгүй байхын аргагүй билээ. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэж баталсан бөгөөд Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэмлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.

Одоогоос 25 жилийн өмнө 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын Ардын Их Хурлаар Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хуулийг батлахад эх орны дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн очсон АИХ-ын 420 гаруй депутат дунд Хан Хэнтийгээс сонгогдсон 23 депутат оролцож, гавьяат үйлс бүтээснийг нь ирээдүй хойч үеийнхэн бид мартах учиргүй. Манай аймгийн депутатууд өөр өөрсдийн үзэл бодолдоо үнэнч, олон ургальч санааг илэрхийлсэн, бие биенээ ойлгодог, хүндэтгэдэг, хүлээн зөвшөөрдөг эв нэгдэл, зохион байгуулалт сайтай, улс төр, нийгэм эдийн засаг, ХАА, соёл боловсрол, уул уурхайн инженер, малчин зэрэг салбар салбаруудын төлөөллөөс бүрдсэн, өндөр боловсрол, мэдлэгтэй ажлын дадлага туршлагатай, олон жил удирдах ажил алба хашсан хүмүүс байсныг олон түмэн гэрчлэх буй за. Тэдний “тод” төлөөлөл болсон Наваанмөнхийн Дэрийлаа хэмээх эгэл даруу, эрдэм төгс, эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэгч эрхэм хүмүүний тухай энэ удаад хөрөглөн бичихийг хичээлээ.

Н.Дэрийлаа дарга Монгол улсад анхны ардчилсан сонгууль 1990 оны 7-р сарын 29-ний ням гаригт болж, АИХ-ын депутатыг сонгох сонгуулийн 403-р тойргоос Галшар нутгийнхны итгэл найдварыг хүлээн депутатаар сонгогдсон нэгэн. Дарга хэмээн дагуулахын учир тэрбээр дуурсах нэрийг эцэг эхээсээ, дуурсагдах алдрыг өөрөө олж авсанд оршино. Ухаант их мэргэд, удамт хурдан хүлгүүдийн өлгий Галшар суманд 1946 онд мэндэлсэн тэрбээр нутаг хошуундаа “уран Наваанмөнх” хэмээн олноо хүндлэгдсэн оюуны, нүдний, гарын уртай “Бурханы тэг” татсан зураач хүний удмын хэлхээ ажээ. Өвөг эцэг Бумжаргал нь Хятадын хар цэрэгтэй дайтаж үнэмлэхүй гавьяа байгуулсаны учир Богдхаант улсын “Шударга баатар” цолоор шагнуулсан хүн байсан тул эднийх ургийн овгоо “Бум” хэмээн авсан түүхтэй. Түүний ижий Долгоржав үйлэнд сайн, үгэнд мэргэн, гэрээр Монгол бичиг заадаг, шинэ үсэгт тайлагдсан, ажилсаг нямбай, сүү цагаан идээ сайхан боловсруулдаг, зүйр цэцэн үг их холбож хэлдэг, 9 хүүхэд төрүүлж өсгөсөн буурай байжээ.

Н.Дэрийлаа 3 эгч, 5 эмэгтэй дүүтэй, ийм л ижий аавын ургийн хэлхээ, удмын үргэлжлэл нэгэн санж. Түүний бага нас айлын ганц хүүгийн ёсоор эрхлэн наадах бус бусдаас илүү ажилсаг, хөдөлмөрч байхыг шаарддаг байв. Тиймдээ ч бага ангийн сурагч байхаасаа багийн хадланд явах, тэмээ хариулах, алдсан малын эрэлд явах, эсгий татах, өглөө эрт босч гүү хураах, адуу үхэр услах зэрэг ажлуудыг хийж сурчээ. “Багаас минь төрөл бүрийн ажлын дөртэй болгож, зааж сургаж, биеэ авч явах, бие даах чадвартай болгож байсан нь цаашдын маань ажил амьдралд их нөлөөлж, эрхэлж хариуцсан ажилдаа амжилт бүтээл гаргахын эх үүсвэр болж дээ гэж хэзээ хойно ойлгох юм даа” хэмээн тэр дурссан юм. 1964 онд Өндөрхаан хотын 10 жилийн дунд сургууль, 1969 онд Улаанбаатар хотод ХААДС-ийн мал эмнэлгийн факультетийг малын их эмч мэргэжлээр, 1977-1985 онуудад Буриадын Улан-Удэ хотын ХАА-н дээд сургуульд малын эмч, нэгдлийн дарга нарын мэргэжил дээшлүүлэх курс, 1988 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтэд тус тус суралцаж төгссөн нь түүний ажил амьдралын гарааны “зөв" эхлэл байсан юм. Н.Дэрийлаа дарга 1969-1971 онд Галшар сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмч, 1971-1976 онд Галшар сумын мал эмнэлгийн газарт их эмч, лабораторийн эрхлэгч, их эмч 1976-1980 онд Баянхутаг сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч их эмч, 1980-1986 онд Баян-Овоо сумын АДХГЗ-ны дарга, “Алтан тал” нэгдлийн зөвлөлийн дарга, 1986-1991 онд Галшар сумын АДХГЗ-ны дарга,”Буянт Оргил” нэгдлийн зөвлөлийн дарга, 1991-2005 онд “Буянт Оргил Булаг” хоршооны даргаар ажиллаж байсан бөгөөд 1978-1990 онд аймаг, сумын АДХ-ын депутат, 1981-2004 онд аймгийн намын хорооны бүгд хурлын гишүүн, 1986-1990 онд аймгийн нэгдлийн зөвлөлийн гишүүн, 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, 1990-2003 онд ХААН банкны удирдах зөвлөлийн гишүүн, 1992-2005 онд Монголын ХААН хоршоологчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, 1992-1996, 2000-2004 онд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч зэрэг сонгуульт алба хашсан хариуцлагатай нэгэн байв.

Төрж өссөн нутагтаа түүний бүтээсэн гавьяа их ээ. Үүнийг дотор нь ангилбал Нэгдүгээрт: Ард иргэд хамт олныхоо ажиллах, амьдрах нөхцөл болсон нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд , Хоёрдугаарт: Ард иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, мэдээллээр хангах, ирээдүйд мэдлэг боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд, Гуравдугаарт: Галшарын улаан ямааны анхны суурийг тавьж, цөм сүргийг бий болгосноор сумын малчин ардын амьдралд гол орлого болох ноолуурын чанар сайжирсан, цаашлаад зөвхөн Хэнтийд биш улс даяар Галшарын улаан ямаа гэж тархан одоо тусгай омог үүлдэр болох шатандаа явж байгаа, Мөн Галшарын тэмээг Өмнөговийн Ханын хэцийн хүрэнгээр сайжруулсан, Дөрөвдүгээрт: Зах зээлийн эдийн засагт шилжиж, нийгмийн өмч задарч “Буянт-Оргил” нэгдлийн өмч хувьчлах ажлыг хамгийн зохистой, оновчтой хэлбэрээр зохион байгуулж, 124.1 мянган малыг бусад хөрөнгийн хамт хувьд шилжүүлсэн зэрэг бусдын сайн сайхны төлөө хийсэн буянлаг үйлсээр нь түүнийг хэн бэ гэдгийг хэмжиж болмоор...

Н.Дэрийлаа дарга ажиллаж байх хугацаандаа олон шинэ бүтээл, оновчтой санал гарган үйлдвэрлэлд нэвтрүүлж, улсын чанартай үзүүлэх сургалтуудыг зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал, -Бригадуудын сүүг нэг дор сумын төвд хүлээн авч урсгалаар халаах хялбарчилсан төхөөрөмж 1981 онд санаачилж нэвтрүүлсэн, -Ээдэмцэр нунтаглагч, хатаагч, бяслаг шахагч төхөөрөмж 1982 онд санаачлан хийж, шинэ бүтээл оновчтой саналын гэрчилгээ авч, аймгийн хэмжээнд туршлага болсон, -Орон нутгийн байгалийн материал ашиглан мал төллүүлэх саравч, нэг настай мал тэжээх нүхэн байруудыг өвөрмөц хийцээр барьж, улс бүсийн сургууль зөвлөгөөнийг зохион байгуулсан, -Төл мал эмчлэх, тэжээх, бордох үлгэр жишээ эмчилгээ тэжээлийн цэгийн цогцолбор барьж, 7 аймгийн ХААУГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд, ХАА-н Яамны удирдах ажилтан мэргэжилтнүүд оролцсон үзүүлэх сургалтыг хийсэн, -Бог бод мал угаах хөмөрдөг тавцант ванн, өвчтэй төл малыг мэс заслын аргаар эмчлэх нэгдсэн цэгүүдийг сумын төв бригадуудад барьсан нь 80-85 хувийн эдгэрэлтэй үр дүн гарч, аймгийн бүх сумдад нэвтрүүлсэн, -Монгол Улсын Засгийн газраас хоршооны хөгжлийг дэмжих хөтөлбөрийн дагуу Хүнс, ХАА-н сайд Д.Насанжаргал, Сангийн сайд Ч.Улаан, ХААХҮ-ийн холбооны ерөнхийлөгч Д.Батмөнх, 5 аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нар бүгд 210 хүний бүрэлдэхүүнтэй зүүн бүсийн зөвлөгөөнийг “Буянт-Оргилбулаг” хоршоонд 2003 оны 5 сард зохион байгуулсан зэргийг дурьдаж болно. Эндээс үзэхэд түүний сэдэж санаачилсан ажлууд аймгийн болоод улсын хэмжээнд тэргүүн туршлага болсоор ирсэн байх юм. Тиймдээ ч Галшарчууд 100 хувь итгэл хүлээлгэн нутгийн хүүгээ төр түшилцүүлэхээр АИХ-ын депутатаар дуу нэгтэй сонгон явуулсан байж таарна.

Тэрбээр “Төр түшилцсэн түмний элчүүд” номын удах тусам улам мөнхрөх дурсамжиндаа: “Ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэж батлах, БНМАУ-ын анхны ерөнхийлөгч ,Улсын бага хурлын дарга бөгөөд дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурор, Монгол улсын түүхэнд анх удаа байнгын ажиллагаатай парламент болох Улсын бага хурлыг байгуулах нэн хариуцлагатай эрхэм үүрэг тэр үеийн АИХ, депутат бидэнд тохиосон билээ. Миний бие Төр засгийнхаа парламентийн гишүүдийг сонгох тооллогын комиссын бүрэлдэхүүнд ажилласан. Олон намын төлөөллөөс бүрдсэн тус комиссын гишүүд бие биедээ тавих хатуу хяналттай, хуулийн хүрээнд нягт нямбай ажиллаж, олонхоо хүлээн зөвшөөрч цөөнхөө хүндэтгэн ямарч зөрчил алдаа дутагдал гаргалгүй төр засаг барих эрхэм хүмүүсээ тодруулж байлаа. Бид 76 хоног өдөр шөнөгүй хуралдаж, шинэ Үндсэн хуулийг батлах явцад хэд хэдэн зүйл дээр тухайлбал улсын нэр, Үндсэн хуулийн нэр, төрийн сүлд далбаа,ямар байх, газар өмчлөх эсэх, ямар засаглалтай байх талаар санал зөрчилдснөөс 7-10 хоногоор маргалдаж, эцэстээ зөвшилцөлд хүрч мухардлаас гарч байсан юм. Хуралдааны зарим өдрүүдийг үгээр хэлж бичихийн аргагүй халуухан тэмцэл, маргаан, мэтгэлцээн , доромжлол, тунирхал, мухардал, талцал, шуугиан өрнөсөн зарим үед хэнд ч захирагдахгүй үе ч байсан. Бидний баталсан Ардчилсан шинэ Үндсэн хууль маань 6 бүлэг, 70 зүйлд багтсан ч Монголын бүх ард түмнээр хэлэлцүүлж, Улсын бага хурлын гишүүдээр дахин хянагдаж, Ардын их хурлын 420 гаруй депутатын оюун санаа, ухаан бодол, амьдралын туршлага, нөр их хөдөлмөр бүтээл шингэсэн шинэ Үндсэн хуулийн үг, өгүүлбэр, цэг таслал бүр нь маш их өргөн утга, агуулга санааг дотроо багтаасан аргагүй л бүх хуулийн эцэг хууль болж гарсан бөгөөд Монгол ард түмний оюуны хамтын бүтээл яах аргагүй мөн” хэмээн тодотгосон байв. Хэнтийн депутатууд сонин содон нэртэй Дэрийлаа, Хээшиг, Тэрбиш гэх мэт.Тухайн үедээ Насан-Очир тэргүүтэй Хэнтийн “хэрүүлч депутатууд” гэж сонин хэвлэлд хүртэл бичигдэж байсан гэнэ лээ. Ингээд бодохоор Шинэ Үндсэн хууль хэлэлцэж батлах үйл хэрэгт Хэнтийн 23 депутат хэн бүхнээс илүүтэй оролцоотой, идэвхтэй байсан нь харагдана. Н.Дэрийлаа даргатай саяхан уулзахдаа “Сүүлийн үед үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар их яригдах боллоо. Энэ тал дээр бодлоо хуваалцаач хэмээн асуусан юм. Мань хүн: “Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд гуай нэгэн сурвалжлагчийн асуултанд хариулсан байдаг. Сурвалжлагч: Үндсэн хуульд гар хүрч болох уу? гэхэд нь Б.Чимэд гуай: Болохгүй яахав. Өдөр бүр барьж, уншиж, товчилж, судлаад, асуугаад, тайлбарлаад байх ёстой. Харин өөр утгаар асууж байгаа бол гээд... 3 цэг тавьсан байсан гэдгийг санах хэрэгтэй байх. Эхний ээлжинд дордуулсан 7 өөрчлөлтөө авч хуучин байдалд нь оруулбал зохино” хэмээн товч бөгөөд тодорхой хариулсан сан. Н.Дэрийлаа дарга ийм л хэлэхээ хэлдэг, хийхээ ч хийдэг хүн дээ. Ахмад сэтгүүлч Индэрсүрэнгийн Байгалмаа 1993 оны Урагшаа сонины ¹17 дугаарт “Цагийн шуурганд хүн олон янзаар хувирах нь бий. Дэрийлаа дарга тэгвэл, нэг л янзаараа явна” хэмээн аян замын тэмдэглэл сурвалжлагаа эхлүүлсэн байна лээ. Үүнийг уншаад түүнээс хойш Дэрийлаа даргад өөрчлөгдөж хувирсан юм бий болов уу хэмээн бодогдож билээ. Ажих нь ээ -Санчигных нь үсэнд саа мөнгөн хяруу унаснаас өөрөөр санаа бодол, үйл хөдлөл, сайхан яриа хөөрөө нь хэвээрээ ажээ.

Эр хүний ажил амжилт, аз жаргал, ноён нурууны цаана хатан ухаант, хайр элбэрэл дүүрэн эмэгтэй хүн, ижий нар байдаг гэдэгтэй маргах хүн лав олдохгүй биз. Түүний хань Цэвэгсүрэнгийн Аюурзана хүний их эмч мэргэжилтэй, 1976-1992 онд Галшар, Баянхутаг, Баян-Овоо сумдад хүний их эмчийн салбарын эрхлэгч их эмч, 1992-2002 онд Галшар сумын ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн бодлогын түшмэл, ИТХ-ын нарийн бичгийн даргын алба хашиж байсан, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, ажилсаг, шударга, зохион байгуулагч эмэгтэй. Тэд ханилаад 48 жилийг туулахдаа зовлон жаргал, зол баяр юу эсийг үзэх билээ дээ. Амьдралынхаа туршид хоёул төр нийгэмдээ зүтгэхээс гадна үр хүүхдээ хүмүүжилтэй, хүний дайтай өсгөж хүмүүжүүлэхэд анхаарсан ачтанууд хэмээн тэднийг тодорхойлж болох. Өдгөө том охин Д.Болортунгалаг нь Хэнтий ХААН банкинд эдийн засагч, дунд хүү Д.Батболд нь Улаанбаатар хотын СХД-ийн ИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга, бага хүү Д.Бат-Эрдэнэ нь Татварын Ерөнхий газарт улсын байцаагчаар ажилладаг гээд аав ээжийнхээ ажил амжилтын хэлхээсийг таслахгүй залгамжлан яваа нь сайхаан. “Миний аав олон жил дарга хийсэн гэхэд хүн загнаж зандарч байсныг нь хараагүй юм байна. Үр хүүхдээ ер нь үглэж загнадаггүй хэрнээ бас эрхлүүлж, хөөргөдөггүй. Сайхан амьдрахад олон зүйл хэрэггүй. Төр, түмнийхээ төлөө зүтгэхэд л болно доо миний хүүхдүүд гэж хэлдэг сэн. Бид чинь “аав” хэмээх уулын нөмөрт л өсөж өндийж, амьдарцгааж байх шигээ” хэмээн аавтайгаа хоршин нэлээдгүй жил цуг ажилласан дунд хүү Д.Батболд нь сэтгэгдлээ хуваалцсан юм. Энд нэг зүйлийг тодотгохгүй өнгөрч болохгүй нь. Галшар сумын “Баянт-Оргил булаг” хоршоог Н.Дэрийлаа даргын нэргүйгээр төсөөлөхөд бэрх. Ажлаа овог шахуу болгож, хоршооны үйл ажиллагааг улсын хэмжээнд сайн туршлагад хүргэж чадсан түүний хөдөлмөр бүтээл 1993 онд ХАА-н хоршоологчдын үндэсний холбооны тэргүүний аж ахуйн нэгжээр, 1999 онд Монгол улсын тэргүүний хоршоогоор, 2001 онд Монгол улсын загвар хоршоогоор, 2002 онд Монгол улсын хамгийн олон ажиллагсадтай хоршоогоор, 2001-2004 онд Монгол улсын Татварын ерөнхий газрын “Найдвартай татвар төлөгч”-өөр шалгарч байсан зэрэг ажлын амжилтаар хэмжигдэх буй заа. Хүний удам угсаа гэдэг тухайн хүний хэн байх, хэн болохыг илэрхийлэгч, хамгийн ил тод, ид шидтэй толь хэмээн би боддог юм. Дэрийлаа даргын аав Наваанмөнх гуай гэрийн мод, авдар, номын сан, шүүгээнд хээ угалз тавьж эрээлдэг, эмээлийн гөлөм, дэвс, угалзтай Монгол гутал урладаг, ардын аж ахуйтан байжээ. Тэрбээр аавынхаа авьяас билгийг мөн өвлөсөн уран гартан гэнэ лээ. Яагаад ч юм Галшард Дэрийлаа, Дэрийлаамятав нэртэй хүмүүс олон бий. Түүний эцэг хүүгийнхээ нэрийг “Чөтгөрт үл чадагдана” гэсэн утгатай Төвд нэр хэмээн тайлан хэлж байсан гэдэг. Н.Дэрийлаа дарга өнгөрснөөс өнөөдрийг, өдийгөөс төдий хүртэл ажиллаж амьдрахдаа үргэлж өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээж, суралцаж, маш олон хурал зөвлөгөөнүүдэд төлөөлөгчөөр оролцож, ажлын олон туршлага нэвтрүүлж, төр нийгэмдээ идэвхтэй, зүтгэлтэй явсан нь өнөөгийн залуус бидэнд үлгэр дууриалтай. Тэрбээр залуусдаа хандаж, аливаад үнэнч шударга, зарчимч, төлөв даруу, ухаалаг, нөхөрсөг хандаж ажиллахын зэрэгцээ эртэч бай, бага ч гэсэн хүний нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээлтэй байгаарай хэмээн захилаа. Түүнчлэн орчин үед олон мэдээллүүдийн дотроос зөв сайн мэдээлэл, суут хүмүүсийн амьдралын түүхийг сайтар унш. Оюун ухаан, бие бялдраа, өөрийгөө байнга хөгжүүлж өөдрөг бай. Боловсрол мэргэжлийг жинхэнэ ёсоор нь сайн эзэмш. Эзэмшсэн сайн бүхэн энэ насны баялаг гэдгийг санаж яв” гэсэн сайхан сургаалиар залуус биднийг ташуурдлаа. Ийм л ахмад буурлуудтай, аугаа түүхтэй, алтан сургаалтай ард зоны үр удам шүү бид хэмээн бахархаж байна.

Алдар суутнууд, анхдагчдын өлгий болсон Галшар сум бахархах түүх ихтэй нутаг. Дорнын их шинэтгэгч Буддын философич, түүхч, тоо одон орон, байгалийн шинэчлэлийн судлаач гүн ухаантан Занын Агваанбалдан, Хардэл удмын хурдан адууг бий болгогч их шинжээч, судлаач зураач Хардэл жанжин бэйс өвгөн ноён Минжүүрдоржийн Пүрэвжав, Артын мэргэн бандид хувилгаан Балбарын Дамбийням, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар партизан Л.Дамдинсүрэн, БНМАУ-ын анхны алдарч уяач Д.Цэвэгмэд, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан физик- математикийн ухааны доктор, профессор цөмийн физикч, олон улсын нэрт эрдэмтэн Даржаагийн Чүлтэм гээд л... Эдгээр эрхэм хүмүүсийг залгамжлан эдүгээ цагт нутаг орондоо хүндлэгдэж, нэр усаа дуурсган яваа Наваанмөнхийн Дэрийлаа дарга яах аргагүй л Галшарчуудын “тод” төлөөлөл мөнөөсөө мөн дөө. Түүний хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж, ”Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Монгол улсын гавьяат эдийн засагч” цолоор шагнаж алдаршуулсан нь нүдээ олсон төрийн хүндэтгэл билээ.

Дэлгэр монгол орноо хэмээн хааяахан амандаа дуу аялдаг Дэрийлаа даргыг Төр, түмнийхээ төлөө гэсэн ардын элч хэмээн тодотгон алдаршуулж, энэхүү хөрөг нийтлэлээ өндөрлье. Хэнд ч худалдагдахгүй, юунд ч гуйвахгүй, эх оронч үзэлтэй монгол эрчүүдийн маань суу алдар улам бадартугай.

Сэтгүүлч Д.Одонтунгалаг /2017.01.13/