АНУ-ЫН ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ХЭНТИЙ АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ /2026.03.23/

2026.05.25
Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших, аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон холбогдох албаны төлөөллүүд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буангантай албан уулзалт хийлээ.

657507507_1345485217683155_4409448938868933629_n

АНУ-ын зүгээс өнгөрсөн хугацаанд Хэнтий аймагт Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), Энхтайвны корпус зэрэг байгууллагуудаар дамжуулан олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч буйг танилцуулж, эдгээр ажлуудад орон нутгийн иргэд талархалтай хандаж байгааг илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааг дараагийн шатанд хүргэж, өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Тухайлбал, эрүүл мэндийн салбарт дэвшилтэт техник, технологийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, хүний хөгжил рүү чиглэсэн тэр дундаа төрийн албан хаагчдыг мэргэшүүлж чадавхжуулах, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй болон нийгмийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

655508348_1345485254349818_3471569389179081499_n

Цаашид дээрх чиглэлүүдээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллахаар тохиролцлоо.

654703815_1345485274349816_6235659016080635853_n