АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

2024.11.06
Агентлаг, байгууллагын дарга нарын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралд аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, аймгийн Засаг дарга Д.Аюурбунь нар оролцлоо.
Аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэл танилцууллаа. Одоогийн байдлаар нийт нутгийн 30 хувь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд ойрын хугацаанд хур тунадас орох төлөв байдал ажиглагдаагүй байна. Харин томуу, томуу төст өвчлөл аймгийн хэмжээнд идэвхжлийн түвшинд, нийт 400 тохиолдол бүртгэгдсэн гэв. Үүний 308 буюу 77 хувийг 0-14 насны хүүхэд эзэлж байна. Иймд айл өрх, эцэг эх, байгууллага бүр уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөлөө.
Мөн хурлаар АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ч.Баярцолмон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан болон байгууллагууд юуг анхаарах талаар мэдээлэл өглөө.
Аймгийн Засаг даргаар батламжлагдсанаасаа хойш хоёр сарын дотор үйл ажиллагааны хөтөлбөр батлуулдаг хуулийн хугацаатай. Иймд агентлаг байгууллагын дарга нарт салбар чиглэл бүрийн хариуцсан ажил, хөтөлбөрт тусгах саналаа товлосон хугацаанд ирүүлж, салбар бүр 3-аас дээш шинэлэг ажлын санал тусгахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо. Мөн өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн ажил нэлээдгүй хийгдсэн тул 2024-2028 онд иргэн төвтэй ажлуудыг түлхүү санаачилж хүн рүүгээ чиглэсэн ажил, хөтөлбөр боловсруулна гэв. Тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарт тулгардаг хүн суртал, иргэдийг чирэгдүүлдэг байдалд реформ хийнэ гэдгээ илэрхийллээ.