Мэдээ мэдээлэл
ЗҮҮН 4 АЙМГИЙН БҮСИЙН СУРГАЛТ ЧИНГИС ХОТОД ЭХЭЛЛЭЭ
2024.04.17
Үйл явдлын мэдээ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институттэй хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгах нь” төслийн хүрээнд “Орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх чадавхижуулах сургалт”-ыг Чингис хотод зохион байгуулж байна. 21 аймгийг бүсчилэн зохион байгуулж буй тус сургалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 40 гаруй төрийн албан хаагчид хамрагдаж байгаа юм.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй 10 орны нэг нь Монгол Улс юм. Тодруулбал, Монгол орны газар нутгийн 76.8 хувь нь дунд болон хүчтэй цөлжилтөд өртсөн ба хөрсний, биологийн олон янз байдлын доройтлын улмаас манай улс хоёр их наяд төгрөгийн үнэ бүхий хөрсөө алдсан харамсалтай судалгааны дүн гарсан байдаг.
Манай орны агаарын дундаж температур сүүлийн 80 гаруй жилд 2.25 хэмээр буюу дэлхийн дунджаас 2.5 дахин нэмэгдэж, хур тунадасны хэмжээ жил бүр 8 хувиар багассан байна. Тэр дундаа Монгол орны зүүн бүс нутаг дэвсгэрт дээрх үзүүлэлтүүд улсын дунджаас дээгүүрт байгаа юм.
Салбар бүрт харилцан адилгүй нөлөөлж буй эдгээр сөрөг үр дагавруудыг аль болох улс, орон нутгийн эдийн засагт хохирол багатайгаар, өргөн цар хүрээг хамруулалгүй ухаалгаар даван туулж, дасан зохицох вэ гэдэг асуудал бидний өмнө тулгамдаад буй чухал сэдэв юм. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Монгол улсын урт хугацааны “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт “Экосистемийн үнэ цэн экологийн даацыг тогтоож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлнэ”, “Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах, гамшгийг эрт илрүүлэх, тэсвэрлэн гарах чадавхыг бэхжүүлнэ” гэж тусган урт хугацаанд төлөвлөн баталж, дунд, богино хугацааны хөтөлбөрүүддээ тусган хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулахад хамгийн чухал үүрэгтэй юм.
Энэхүү сургалтаар орон нутгийн төрийн албан хаагчдад орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааг төлөвлөхөд дэмжлэг үзүүлж чадавхижуулах зорилготой бөгөөд сургалт 2 өдөр үргэлжилнэ.