“БҮС НУТГИЙН ХӨГЖИЛД ИННОВАЦ, ТЕХНОЛОГИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024.04.10
Шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх, мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” бодлогын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хэлэлцүүлгийг дүгнэж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан хэлсэн үгэндээ “Энэ бүх илтгэл мэдээллүүд, судалгаа шинжилгээ, практик ололт амжилтуудаас үзэхэд аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, бүтээлчээр сэтгэж, эдийн засгийн үр ашигтай байдлаар хэрэглээнд нэвтрүүлж чадвал тулгамдаж буй асуудлууд, сөрөг хүчин зүйлүүдийг ч эерэг болгож, асуудлыг шийдвэрлэх боломжууд бид бүхэнд нээлттэй байгааг харж, тунгаан бодож байна. Энэхүү хэлэлцүүлэгт оролцож шинжлэх ухаан, технологи, инновацийн үйлдвэрлэлийг аймаг орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулах, орон нутгийн нөөц боломжоо түшиглэн шинжлэх ухаанд суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж эдийн засгаа дэмжих үнэтэй санал зөвлөмжийг өгч, шинжлэх ухаанч мэдлэгийг түгээсэн бүх илтгэгчид, эрдэмтэн судлаачид, инновацийг нэвтрүүлэгчид, үйлдвэрлэгчид та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Мөн энэ танхимд цуглаж хэлэлцүүлэгт анхаарал хандуулж, цаг заваа гарган эрдэмтдийн судалгаа, онол практикийн мэдээлэл танилцуулгуудыг сонсч, өөрсдийн мэдлэг мэдээллээ тэлж оролцсон иргэд, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид та бүхэндээ талархал илэрхийлье” гэсэн юм.