Мэдээ мэдээлэл
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024.04.10
Орон нутгийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, ховор амьтан, ургамал, ашигт малтмалын тархац нөөц, цөлжилт, бэлчээрийн талхагдал, орон нутгийн уст цэгийн ашиглалт, хамгаалалт, аймгийн мал аж ахуй, газар тариалан, хүн амын хөгжил, эрүүл мэндийн болон тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Шинжлэх ухааны академитай санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийг төлөөлж, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатар, Хэнтий аймгийг төлөөлж, Засаг дарга Ц.Чогсомжав нар үзэглэв.
Шинжлэх ухааны Академиас орон нутгийн захиалгаар тухайн бүс нутгийн нийгэм, эдийн засаг, хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, захиалгат ажил гүйцэтгэхэд үүсэх харилцааг энэхүү санамж бичгээр зохицуулах юм.
Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд,
- “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн суурин газруудад тарих мод, сөөгийг сонгох, тэдгээрээр дамжуулан хүрээлэн буй орчны бохирдлыг саармагжуулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх
- Нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааны нарийвчилсан судалгаа
- Хог хаягдлын менежментийн хөтөлбөрийг хангахад сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
- Дуурлиг нарс Хүннүгийн дурсгалт газарт судалгаа мэдээллийн төв байгуулах
- Орон нутгийн түүхийн судалгааг хөгжүүлэх талаар хамтран ажиллах