ЗӨГИЙН ҮҮР ХӨТӨЛБӨРТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

2023.07.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Зөгийн үүр” хөтөлбөр буюу Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хүний нөөцийг бүрдүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг өнөөдөр АИТХ-ын 20 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Тодруулбал 2021 оноос хэрэгжиж буй тус хөтөлбөрт орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцаж буй 3, 4 дүгээр курсийн оюутнууд болон төрийн албан хаагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг. Өмнөх жилүүдэд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулан санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байсан бол энэ жил орон нутгийн төсөвт 120 сая төгрөг баталжээ.
Ингэснээр Дорноговь аймгийн АШУҮИС-д 2 оюутан, МУБИС -ийн 1 оюутан, Нэгдсэн эмнэлгээс 4 сувилагч, Галшар сумын ЭМТ-ийн 3 сувилагч, АЗДТГазраас 1 албан хаагч, Тэмүүжин ЦС-1 багш, Хэнтий УС ХХК 2 албан хаагч, Улсын бүртгэлийн хэлтсээс 13 улсын бүртгэгч зэрэг 27 оюутан болон төрийн албан хаагчид 40 орчим сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн байна. Ингэхдээ оюутнуудын хувьд сүүлийн 2 жилийн сургалтын төлбөрийг 100 хувь олгосон бол төрийн албан хаагчдад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлжээ.
Энэ удаад төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдийг сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэх, оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг 100 хувь, төрийн албан хаагчдад 50 хувь хүртэл олгодог байхаар өөрчлөлт оруулсан байна. Сургалтын төлбөрийн дэмжлэг авсан оюутнууд нь 5 жил аймаг орон нутагтаа ажиллах гэрээ байгуулдаг бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 50 хувиар алданги тооцон эргүүлэн төлөхөөр заажээ.