ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛЛАА

2022.11.25
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 159 дүгээр зарлигийн дагуу өнөөдөр морин цагт Эзэн богд Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд хүндэтгэн заллаа. Энэхүү ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд болон бусад төлөөлөл оролцов.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Их эзэн хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай Төрийн тэргүүний зарлигийн дагуу бид өнөөдөр Их эзэн Чингис хааныхаа эш хөргийг хүндэтгэн заллаа” хэмээгээд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 159 дүгээр зарлигт Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллага болон иргэн, айл өрх бүр дээдлэн залахыг тусгасан билээ.