“ТАЛЫН ТҮМЭН АДУУ-2022” АРГА ХЭМЖЭЭНД СОЁЛЫН ЯАМ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

2022.11.24
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
​Монгол Улсын Засгийн газраас зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, ялангуяа их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт орших Чингис хаан, 13 дугаар зуун, “Монголын нууц товчоо”-той холбоотой түүхэн газар нутагт жуулчдыг татах зорилгоор бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг эхлүүлсэн.
​Монгол Улсын Засгийн газраас зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, ялангуяа их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт орших Чингис хаан, 13 дугаар зуун, “Монголын нууц товчоо”-той холбоотой түүхэн газар нутагт жуулчдыг татах зорилгоор бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Монголын нууц товчоонд “Хөхүүрийн тал” хэмээн тэмдэглэгдэж үлдсэн Тэмүүжин Боорчитой анд бололцсон газар болох Хэнтий аймгийн Батноров сумын нутагт “Тэнгэрийн андгай” хөшөө дурсгалын цогцолборыг байгуулсан билээ.
Энэхүү хөшөө дурсгалын цогцолборыг түүх, соёлын агуулгаар баяжуулах, Чингис хааны түүх, ялангуяа Боорчитой анд бололцсон түүхийг таниулан сурталчлах, соёлын өв, ялангуяа адууны соёл, уламжлалт гар урлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Талын түмэн адуу-2022” соёлын аялал жуулчлалын арга хэмжээнд Соёлын яам дэмжлэг үзүүлж, Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан баг ажиллалаа.
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулагдсан тус арга хэмжээнд “Богино зайн морины уралдаан”, “Шургуу-2022”, “Хос морьтон шалгаруулах”, “Тайга нохойн богино зайн уралдаан”, “Талын гөрөөчин” зэрэг уралдаан, тэмцээнийг зохион байгуулсан юм.
Арга хэмжээний үеэр соёлын биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус яамнаас “Тэмүүжин Боорчи” анд нөхөрлөлийн өргөө, “Батноров хийц” уламжлалт гар урлалын өргөө, “Монгол анч тайга нохой”-ны өргөөг барьж, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид яриа, танилцуулга хийж ажиллалаа.
Нүүдэлчин Монголчуудын түүх, соёл уламжлал, зан заншил, ахуй амьдралын салшгүй нэг хэсэг болсон адууны соёл нь Монгол Улсын Соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтын “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага” ай сав, “Мал маллах арга ухаан”, “Байгалийн болон сав шим ертөнцийн мэдлэг зан үйл”, “Уламжлалт арга ухаан”, “Уламжлалт гар урлал” ай савд хамаарах цогц өв юм.