Мэдээ мэдээлэл
ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ХАМГИЙН ТОМ БУЛШНЫ АРХЕОЛОГИЙН СУДАЛГААГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа.
2006-2012 онд Хүннүгийн язгууртны 3 булш, дөрвөлжин хэлбэрийн чулуун байгууламжтай дундаж хэмжээний 2 булш, язгууртны булшны дагуул болох 13 жижиг булшийг малтан судалсан.

Эндээс хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, дэнгийн цөгц, адуу, малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн зүүлт, гоёл чимэглэлийн зүйлс, хаш эдлэл, чий будагтай аяга, сав суулга, шанага, шүүлтүүр зэрэг хоол ундны хэрэглэл, шавар ваар, хүрэл толь, модон сам зэрэг манг мянгаар тоологдох эд өлгийн зүйлс олоод байна.
Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алтан шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд ч гарч байгаа нь Хүннүгийн түүх, соёлын судалгаанд чухал хувь нэмэр оруулна гэж судлаачид үзжээ.
Дээрх олдворуудыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, Хэнтий аймгийн музей олны хүртээл болгож байна.

Цаашид энд “Судалгаа, мэдээллийн төв” буюу дурсгалт газрын танилцуулга музей, ил музей байгуулахаар төлөвлөж байна.