Мэдээ мэдээлэл
АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН САЙН ДУРЫН 3 АЖИЛТАН ХЭНТИЙ АЙМАГТ 2 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙГААР АЖИЛЛАНА
Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулиудад АНУ-ын Энх тайвны корпусын гурван сайн дурын ажилтан хоёр жилийн хугацаанд ажиллаж, англи хэлний сургалт болон хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.
Аймгийн Засаг дарга өнгөрсөн 3 дугаар сард АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буангантай хийсэн уулзалтын үеэр боловсрол, хүний хөгжилд анхаарч ажиллаж буйгаа онцлон, Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх хүсэлт тавьсны үр дүн хэрэгжиж энэ хичээлийн жилээс эхлэн манай аймагт 3 сайн дурын ажилтан ажиллахаар боллоо.

Өнөөдөр сайн дурын ажилтнууд Засаг даргатай уулзаж, англи хэл заах, хүүхдийн клуб, дугуйлангийн үйл ажиллагаанд оролцох, “Ид шидийн орон” төвд сайн дурын ажил хийх, төрийн албан хаагчдад англи хэлний сургалт зохион байгуулах, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллагатай хамтран ажиллах зэргээр санал солилцлоо.
Засаг дарга англи хэлний багш нарт болон сайн дурын ажилтнуудад ажлын амжилт хүсэж, хүүхэд залуучуудын хөгжилд оруулах хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.
Ийнхүү Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд манай аймагт ажилласнаар хүүхэд, залуучуудын англи хэлний мэдлэг, хөгжлийн боломжийг дэмжихээс гадна орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.