ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

2026.09.07
Үйл явдлын мэдээ

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Эрхэм хүндэт эцэг, эхчүүд ээ,

Эрдмийн их өргөөнийхөө алтан босгыг алхаж буй энхрий бяцхан суралцагчид аа, та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Эрдэм номын их өргөөний үүд хаалга нээгдэж, хүүхэд багачуудын инээд хөөр цалгисан энэ өдөр бол ирээдүй өөд тэмүүлэх шинэ эхлэл, шинэ зорилгын өдөр билээ.

Хэнтий аймгийн хэмжээнд 18000 гаруй суралцагч элсэн суралцаж, шинэ хичээлийн жилийн гараагаа эхлүүлж байна.

Энэ жилийн хувьд сургуулийн насны хүүхдийн боловсролын үйлчилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамран сургалтын дахин төлөвлөлт хийж, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан бүсийн төвүүдэд боловсролын үйлчилгээг төрөлжүүлэх, чанартай, хүртээмжтэй болгоход анхаарч байна. Жаргалтхаан, Биндэр, Бор-Өндөр, Батноров сумдад төрөлжсөн ахлах сургууль байгуулах чиглэл баримталж байгаа бөгөөд Бор-Өндөр суманд байгалийн ухааны төрөлжсөн ахлах сургууль, Жаргалтхаан сумын сургуулийг 2026–2027 оны хичээлийн жилээс 1–12 дугаар ангитай бүрэн дунд сургууль болгон бүтцийн өөрчлөлт хийгээд байна.

Мөн 2026–2027 оны хичээлийн жилийг аймгийн хэмжээнд #Шинжлэх_ухаанд_суурилсан_хөгжлийн_жил болгон зарлаж байна. Энэ бол зөвхөн нэг жилийн зорилт бус, боловсролыг хөгжлийн тэргүүлэх хүчин зүйл хэмээн үзэж, сургууль багшаа, багш суралцагчаа судалж, судалгаа, нотолгоонд тулгуурлан сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, хүүхэд бүрийн хөгжилд бодит ахиц гаргах шинэ хандлагыг төлөвшүүлэх зорилт юм.

Түүнчлэн боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа томоохон хөтөлбөрүүдийн нэг болох “Нутгийн ирээдүй” хөтөлбөрийн үр дүнд энэ жил 5 багш орон нутагтаа ирж ажиллаж байгаа бөгөөд тэр дундаа байгалийн ухааны багшийн хомсдлыг бууруулж дутагдалыг нөхөж байгаа нь энэ хөтөлбөрийн тодорхой үр дүн билээ.

Багш хөгжих тусам хүүхэд хөгжинө. Хүүхэд хөгжих тусам аймаг, орон нутгийн хөгжил урагшилна. Тиймээс багшийн хөгжил, сургалтын орчин, боловсролын чанарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг бид цаашид ч тууштай үргэлжлүүлнэ

Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий боловсролын сургуулийн Багш хөгжлийн төвд 609.8 сая төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 4 дүгээр сургуульд 34 сая төгрөгийн LED дэлгэц суурилуулж, сургалтын орчин болон багшийн хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг хийлээ.

2025–2026 онд боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сан, их засвар болон орон нутгийн төсвөөс нийт 41.95 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт шийдвэрлэн хэрэгжүүлж байна.

Бид зөвхөн сургууль, сургалтын орчинд хөрөнгө оруулаад зогсохгүй, багш, суралцагчдын хичээл зүтгэл, амжилтыг үнэлж, урамшуулахад онцгой анхаарч байна.

Тухайлбал, “Сайн багш” шалгаруулалтаар 40 багшид 120 сая төгрөгийн шагнал, урамшуулал, элсэлтийн шалгалт, улсын төрөлжсөн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд амжилт гаргасан багш, суралцагчдад 26.4 сая төгрөгийн шагнал, урамшуулал олгож, нийт 146.4 сая төгрөгийг багш, суралцагчдын хөгжил, амжилтыг дэмжихэд зарцууллаа.

Ийнхүү 2025–2026 онд боловсролын салбарт нийт 42.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, дэмжлэг үзүүлээд байна.

Эдгээр хөрөнгө оруулалт, бодлого, үйл ажиллагааны цаана нэг л зорилго бий. Тэр бол Хэнтий нутгийн хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших боломж олгож, мэдлэгтэй, бүтээлч, эх оронч, ирээдүйгээ өөрөө бүтээх чадвартай иргэн болгон төлөвшүүлэх явдал юм.

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Та бүхэн бол хүүхэд бүрийн ирээдүйд гэрэл асааж, мэдлэгийн замд хөтөлж, эх орныхоо маргаашийг бүтээж буй эрхэм хүмүүс. Та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл зүтгэлээр Хэнтий нутгийн олон мянган хүүхдийн ирээдүй гэрэлтэж байдаг билээ.

2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

ХҮНДЭТГЭСЭН;
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ