Мэдээ мэдээлэл
“УДМЫН САНГИЙН АЛТАН ХЭЛХЭЭ” АЯН ЭХЭЛЛЭЭ
“Удмын сангийн алтан хэлхээ” аяны нээлт болж, угийн бичгийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ. Тус аян нь 6 сарын хугацаанд аймгийн хэмжээнд өрнөх бөгөөд иргэдийн удам угсаагаа мэдэх, угийн бичгээ хөтлөх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Аяны хүрээнд зохион байгуулж буй угийн бичгийн сургагч багш бэлтгэх сургалтад сум, байгууллага бүрээс тус бүр хоёр албан хаагч хамрагдаж байна. Ингэснээр нийтдээ 70 гаруй сургагч багш бэлтгэгдэн гарч, орон нутагтаа угийн бичиг хөтлөх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээх юм.
Энэхүү аян нь үндэсний өв соёл, удам угсаагаа дээдлэх уламжлалыг сэргээх, залуу үед өвлүүлэх, өрх бүрийг угийн бичигтэй болгох зорилготойгоор хэрэгжиж байна.

Мөн цаашид иргэдийн гэр бүлийн боловсролыг дэмжих, нийгмийн үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид онцолж байна.