Мэдээ мэдээлэл
ОЮУТАН ЦЭРГҮҮДЭД ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХ, СУРАХ БИЧГИЙГ ГАРДУУЛЛАА
Засаг дарга Д.Аюурбунь цэргийн мэргэжил олгох "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдаж буй залуусыг хүлээн авч уулзан цэргийн үүрэгтний үнэмлэх, сурах бичгийг гардуулж, Залуучуудын эх оронч үзэл сэргэж, цэргийн алба хаах хүсэлтэй залуус олон болж байгаад сайшаалтай байгаагаа илэрхийллээ.
Улсын хэмжээнд 2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөр манай аймагт 2023 оноос эхлэн хэрэгжсээр өнөөдрийг хүртэл аймгийн Политехник коллежийн 30 гаруй залуус хамрагдаад байна.
Сургалтыг цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна. Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт нь 2 багц, 96 цагийн хичээл орох бөгөөд 04 дүгээр сарын 5-ны өдрөөс 7 хоног бүрийн Бямба, Ням гарагт, 6 цагаар 2 сарын туршид Политехникийн коллежийг түшиглэн явуулах юм. Харин Цэргийн мэргэжлийн бэлтгэлийг 6 дугаар сараас эхлэн 2 сарын хугацаанд 14 багц, 560 цагийн хичээлийг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын баазыг түшиглэн явуулахаар болжээ.




