Мэдээ мэдээлэл
1000 AI AMBASSADOR – ХИЙМЭЛ ОЮУНЫ ЭЛЧ БЭЛТГЭХ ИХ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Хэнтий аймагт ажиллах үеэрээ 600 гаруй сурагчидтай уулзлаа. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “1000 AI Ambassador” төслөө танилцуулсан юм.
Тус яам нь хоёрдугаар сард хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулан, олон нийтээр хэлэлцүүлсэн юм. Энэхүү стратегийн хүрээнд НҮБ-ын хүүхдийн сантай хамтран орон даяар 1000 залуу манлайлагчдыг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүллээ.
Төслийн хүрээнд “1000 AI ambassador” – ийг төрөл бүрийн сургалт, чадавхжуулах үйл ажиллагаагаар дэмжинэ. Эдгээр манлайлагчид нь өөрсдийн мэдлэг, ур чадвараа ашиглан хиймэл оюуны тухай ойлголт, цахим ур чадвар, технологийн шинэ хандлагыг олон нийтэд таниулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ.
Тэдгээр элч нар хот, хөдөөгийн олон нийтийн хүрээнд хиймэл оюуны хэрэглээ, ач холбогдлыг ойлгуулах сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, иргэдийн дижитал боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Үүнээс гадна, шинэлэг санаачилга, инновацыг дэмжих, хиймэл оюуныг ашиглан нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг судалж, бодит төсөл, үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлнэ.

