Мэдээ мэдээлэл
ЗАЛУУЧУУДЫН "ШЭЙР ОФФИС" НЭЭГДЭВ
Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Залуучуудын "ШЭЙР ОФФИС"-ыг нээж, өнөөдрөөс үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Тус "ШЭЙР ОФФИС"-ын үйл ажиллагаатай Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Б.Жаргалан болон Сүхбаатар, Дорнод аймгийн удирдлагууд танилцлаа.
Шэйр оффис нь Шинэ Өндөрхаан хорооллын К34 дүгээр байранд байрлах бөгөөд ашиглахгүй байсан Б1 давхрын байрыг засварлан тохижуулжээ. Нийт 6-12 хүн нэгэн зэрэг суух боломжтой. Бүх салбар шинжлэх ухааны холбогдолтой 1000 гаруй номын сантай, цай кофены хэсгийг шийдэж тав тухтай байдлыг хангажээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хэлэхдээ: "Залуучуудыг хөгжүүлэхэд шийдэл бүхий орчин, хөгжлийн хөтөлбөрүүд нэн шаардлагатай байна. Үүнийг соргогоор мэдэрч санаачлан зохион байгуулсан Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбуньд талархал илэрхийлье. Монгол хүүхдүүд хөгжиж, төлөвших, орчин үеийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэх, суралцах, хамтдаа хөгжихөд хамгийн зөв хөрөнгө оруулалтыг хийжээ. Тиймээс шаардлагатай компьютер, өндөр хурдны интернетээр хангаж, дэмжлэг үзүүлнэ" гэв.
Харин аймгийн Засаг даргын зүгээс баг бүрд ашиглагдахгүй байгаа барилга байгууламжийн өрөө тасалгааг тохижуулан "ШЭЙР ОФФИС" нээхээр төлөвлөж байгаа гэдгийг хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалан хүүхдийн өрөө бүхий шэйр оффисыг нээж, эмэгтэйчүүд, ээжүүдийг дэмжихийг хүслээ
"ШЭЙР ОФФИС"-т хүүхэд, залуучууд суралцаж, хөгжиж, бизнес төлөвлөгөө гаргах, контент бүтээх, чөлөөтэй, өөрийнхөө тааваар ажиллах, бүтээлч байдлаа нэмэгдүүлэх, танилын хүрээгээ өргөтгөх боломжтой залуусын ажиллах, хийж бүтээх хэв маягт эерэг нөлөө үзүүлсэн төв юм.


