Мэдээ мэдээлэл
ДАРХАН СУМЫН “ХАРААТ” БАГИЙН УДАМ ДАМЖСАН МАЛЧИН З.МЯГМАРЖАВТ АЙМГИЙН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Хэнтий аймгийн Дархан сумын “Хараат” багийн малчин Зоригтын Мягмаржав хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж, модон могой жилийн сар шинийн босгон дээр аймгийн аварга малчин цол хүртлээ. Тэрээр малчин удамтай, ухаан туршлагаар баялаг, өв уламжлалаа хадгалж яваа шилдэг малчдын нэг юм.
Аймгийн аварга малчны шагналыг Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Дарьхүү, Д.Алтангэрэл, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Цэнддорж нар гардууллаа. Мөн Дархан сумын ИТХ-ын дарга Э.Чулуунгэрэл, Дархан сумын Засаг дарга Г.Батболд, багийн Засаг дарга Э.Чулуунхүү, Соёлын төвийн хамт олон хүрэлцэн ирж, малчдадаа хүндэтгэл үзүүлсэн юм.
З.Мягмаржав нь Марцны гол гэдэг газар үе дамжин нутаглаж, мал сүргээ өсгөн үржүүлж ирсэн туршлагатай малчин билээ. Түүний аав Ж.Зоригт гуай удам дамжсан малчдын нэг бөгөөд Мягмаржавын ах, эгч нар ч мал аж ахуйн салбарт өндөр амжилт үзүүлсэн туршлагатай хүмүүс юм. Тухайлбал, нэг эгч, хоёр ах нь аймгийн аварга малчин цолыг хүртэж байсан нь энэ гэр бүлийн малчин ухааныг илэрхийлнэ.


