Мэдээ мэдээлэл
ГАЛШАР СУМЫН БАЯНБАДРАЛ БАГИЙН МАЛЧИН 3.БАТ-ӨЛЗИЙД АЙМГИЙН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
“Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн сар шинийн босгон дээр Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн малчин 3.Бат-Өлзий хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, 2025 оны аймгийн аварга малчин цол хүртлээ. Өвөг дээдсээс өвлөгдсөн малч ухааныг хадгалан, залуу үедээ өвлүүлж яваа түүний гэр бүл мал аж ахуйн салбарт олон жилийн туршид хичээнгүйлэн зүтгэсний үр дүнд энэ нэр хүндтэй шагналыг хүртэж буй билээ.
Шагнал гардуулах ёслолд Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, Галшар сумын Засаг дарга Т.Энхчулуун, сумын ИТХ-ын дарга Г.Чинзориг, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Дарьхүү, Д.Алтангэрэл нар хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ.
Малчин 3.Бат-Өлзий шагнал гардан авах үеэрээ "Энэ шагнал зөвхөн бидний хөдөлмөрийн үнэлгээ биш, малч ухаан, өв соёлыг залуу үедээ өвлүүлэх чухал хариуцлага гэж бодож байна" хэмээн хэлсэн юм. Түүний хувьд мал аж ахуй зөвхөн амьжиргааны эх үүсвэр бус, эх орноо тэжээгч, өв соёлын салшгүй хэсэг гэдгийг онцоллоо.
Аймгийн удирдлагуудын зүгээс малчдын хичээл зүтгэл, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж, тус гэр бүлийн амжилтыг сайшаалаа. Монголын малчин ухааныг өвлүүлэн хадгалж яваа 3.Бат-Өлзий, Б.Өлзийхутаг нарын хөдөлмөр, зүтгэлийг үнэлсэн энэхүү шагнал тэдний амжилтын эхлэл байг.

