ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 27-НД ТӨЛДӨГ БАЙХААР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ

2025.01.31
Үйл явдлын мэдээ

 

Өчигдөр аймгийн Засаг дарга Д.Аюурбунь БЗӨБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ганчулуунтай уулзлаа. 

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс Хэнтий аймагт эрчим хүчний доголдол байнга үүсч байгааг сануулж, асуудлыг мэргэжлийн байгуллагын үүднээс шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг орон нутагт бий болгох, Цахилгаан дамжуулах станцын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах, сурч боловсроход онцгойлон анхаарч өгөхийг хүслээ. 

Харин БЗӨБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ганчулууны зүгээс дээрх асуудлуудад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлж, Хэнтий аймагт эрчим хүчний тасалдал, доголдол байнга гарч иргэд олон нийтийн тав тухыг алдагдуулсан шалтгааныг тайлбарлалаа. Энэ нь тус салбарт хөрөнгө оруулалт эрчимтэй хийгдсэнээр аймаг бүр эрчим хүчний шугам сүлжээ солих ажлыг зохион байгуулсан, Дамжуулах Станцад өргөтгөлийн ажил хийгдсэн зэргээс үүдэлтэйгээр учраас тасалдал, доголдол үүссэн хэмээлээ. Түүнчлэн цахилгааны төлбөрийг сарын бүрийн 20-нд төлдөг байсныг сар бүрийн 27-ны өдрөөр тасалбар болгож, хугацааг сунгаж байгааг хэллээ.