“БОР-ӨНДӨР” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛАХ АСУУДЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024.12.05
Өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон холбогдох албаны хүмүүс “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, Төслийн менежер Б.Мягмаржаргал нарыг хүлээн авч уулзлаа.
Учир нь Эрдэнэс Монгол Нэгдлийн дунд хугацааны стратегийн хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК 6 байршилд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь Бор-Өндөр суманд жонш, цахиур боловсруулах чиглэлээр байгуулагдах “Бор-Өндөр үйлдвэрлэл, технологийн парк” юм.
Уулзалтаар аймгийн Засаг даргын зүгээс газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд “Бор-Өндөр” ҮТП-ийн газрын асуудлыг тусгаж, ИТХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн цаашид “Бор-Өндөр” ҮТП-ийг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Хэнтий аймаг, зүүн бүс төдийгүй улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлнэ.
Тодруулбал МУ-ын ДНБ 2.9%, Экспорт 3.4%-иар өсөх бол зүүн бүсийн хувьд ДНБ 73.9% өсч, 7000 шинэ ажлын байр нэмэгдэхээс гадна зүүн бүсийн эрчим хүчний хангамж бүрэн шийдэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой төсөл юм.
Энэхүү төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тус тус тусгагдсан ажил юм.