Мэдээ мэдээлэл
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЭНЭ САРД БОЛНО
Хурлаар УЦУОШТөвөөс цаг агаарын нөхцөл байдлын танилцуулга, Хүнс хөдөө аж ахуйн газраас хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, ОБГ-аас Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн талаар тус тус мэдээлэл хийв.
Цаг агаарын нөхцөл байдал: 11 сарын 14-15-ны шилжих шөнө нойтон цас орж 15-ны өдөр нийт нутгаар салхи шуургатай сэрүүхэн байх бол 11 сарын 16-аас 20-ны хүртэл ихэнх хугацаанд хур тунадас орохгүй. Харин 16-аас хүйтэрч Хэнтийн уулархан нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -18..-23 градус хүйтэн бусад нутгаар шөнөдөө -12..-17 градус хүйтэн, өдөртөө 0..-5 градус хүйтэн төлөвтэй байна.
Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл: Засгийн газрын 2024 оны 28 дүгээр тогтоолоор аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 1000 тн өвс, 760 тн тэжээл тус тус бэлдэх үүрэгтэй. Үүнээс одоогийн байдлаар 799.5 тн өвс, 227.5 тн тэжээл бэлтгэсэн байна.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг: Онцгой комисс, орон нутгийн албаны гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, үнэлж дүгнэх, мэдлэг, чадвар, дадлага олгох зорилгоор ОБЕГ-аас “гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг гамшгаас хамгаалах улсын алба, аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд манай аймгийн хувьд 11 сарын 23-ны өдөр зохион байгуулахаар товлогдоод байна.
Энэхүү үзлэгээр гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн болон техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, Онцгой комисс, шуурхай штаб, алба мэргэжлийн ангийн гамшгийн голомтод ажилласан талаар танилцуулга хийх, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын талаар мэдээлэл танилцуулах, Онцгой комисс, шуурхай штаб, алба, мэргэжлийн ангийн хөтөлдөг баримт бичгийг үзэж шалгах, зөвлөмж өгөх, Тактикийн цагийн байдлаар ажиллуулах, Цагийн байдлын дагуу хариу арга хэмжээг зохион байгуулах, танилцуулах, Бэлэн байдлын үзлэгийн үр дүнг танилцуулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж өгнө. Бэлэн байдлын үзлэгт гамшгаас хамгаалах 11 алба, 24 мэргэжлийн анги хамрагдах бөгөөд үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газраас урьдчилсан үзлэгийг 11 сарын 15 болон 19-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.