Мэдээ мэдээлэл
ХҮҮХДҮҮДЭЭС ГАРГАСАН САНАЛ САНААЧИЛГЫГ ИРЭХ 4 ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАНА
“Хамгаалагдсан аз жаргалтай хүүхэд” аймгийн хүүхдийн чуулган өнөөдөр Чингис хотод зохион байгуулагдаж байна. Хэнтий аймгийн хувьд нийт хүн амын 36.3 хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг. Тэгвэл энэхүү чуулганд тэдгээр хүүхдүүдийн төлөөлөл болж 18 сум 5 тосгоны ЕБС-иудаас 253 хүүхдүүд хамрагдаж байгаагаас гадна сумдын хүүхдийн элч, сургуулийн нийгмийн ажилтан, ХБХ-ийн төлөөллүүд, хамтрагч төрийн байгууллагууд оролцож байна.
Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Би 9 дүгээр ангийн сурагч байхдаа Хан Хэнтийн хөгжил сэдвээр эссэ бичиж, “Хэрвээ би Засаг дарга байсан бол” хүүхдийн хэлэлцүүлэгт оролцож, аймаг орон нутгаа хэрхэн хөгжүүлэх хүсэл мөрөөдөлтэй байгаагаа тухайн үедээ багш, анги хамт олон, үе тэнгийнхэндээ танилцуулж байлаа. Энэхүү түүхээрээ хүүхэд болгоны санасан, сэтгэсэн, бодсон зүйл нь ирээдүйд хэзээ нэгэн цагт биелдэг шүү гэдийг хэлмээр байна. Тиймээс хүүхдүүд та бүхэн ирээдүйн хан Хэнтий нутгийнхаа хөгжлийн төлөө үзэл бодлоо илэрхийлээрэй. Та бүхний зорьсон бүхэн биелэх болтугай. Миний хувьд өнгөрсөн хугацаанд хүүхэд хөгжлийн асуудлаар нэлээдгүй ажлуудыг санаачлан хийж байсан. Цаашид ч хийсээр байх болно гэдгээ амлаж байна” гэсэн юм.
Энэ удаагийн хүүхдийн чуулганыг Хэнтий аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулагдаж байгаа үед зохион байгуулж байгаараа онцлогтой. Учир нь хүүхдүүдийн нүдээр сум орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг олж харж, түүнийг шийдвэрлэх арга замыг ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.