АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024.11.04
Аймгийн Засаг дарга 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахтай холбогдуулан эрхлэх асуудлынхаа хүрээний агентлаг, байгууллагын дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтаар хөдөө аж ахуй, мал эмнэлэг, барилга, хот байгуулалт, авто зам, эрүүл мэнд, соёл спорт, боловсрол зэрэг салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах болон цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар саналаа ирүүлэхийг байгууллагын дарга нарт үүрэг болголоо.
Мөн цаашид хүүхдийн хөгжил, хамгаалал, эрүүл мэнд боловсролын салбарт түлхүү анхаарч эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүнд сурталгүйгээр хүргэх тухайд гэх мэт төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгоход анхаарна гэдгээ илэрхийллээ. Хөдөө аж ахуйн салбарын тухайд Хэнтий аймгийн гэх тодотголтой ямар брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд ямар хөтөлбөр, чиглэлийг тусгах зэрэг асуудалд анхаарна гэв. Энэ мэт агентлаг, байгууллагын дарга нартай тус бүр дахин биечлэн уулзахаар боллоо.