Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2024.11.02
Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан, нөхцөл байдал хэр байгаа талаар холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантөмөрийн мэдээлснээр энэ өвөл аймгийн нутаг дэвсгэрт нийт 12.5 мянган малчин өрхийн 3.6 сая толгой мал өвөлжихөөр байна. Тус салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 92.4 хувьтай хангагдаад байгаа бөгөөд аймгийн нөөцийн өвс тэжээлийг 100 хувь, сумдын нөөцийн өвс 100 хувь, тэжээлийг 64 хувьтай хангаад байна. Тодруулбал, аймгийн нөөцөд 100 тонн өвс, 40 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 900 тонн өвс, 460 тонн тэжээл бэлтгээд байна.
Отор нүүдлийн тухайд аймаг дундын отрын бүс нутагт Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дархан сум, Дундговь аймгийн гурван сумд, Төв аймгийн Баянжаргалан зэрэг найман сумаас хонин толгойд шилжүүлснээр нийт 294.4 мянган толгой мал отроор өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн. Ургац хураалтын хувьд нийт 32.1 мянган га талбайгаас 41.2 мянган тонн ургац хураагаад байна.
Харин Баянхутаг, Баянмөнх, Батноров, Мөрөн, Дэлгэрхаан гэсэн таван сумын тэжээлийн нөөц бүрдүүлэлт хангалтгүй байна. Иймд аймгийн Засаг дарга Д.Аюурбунь дээрх сумдыг өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчдыг чирэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн малчдад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэж эргээд сумдын нөхцөл байдлыг аймгийн Онцгой байдлын газар зэрэг холбогдох байгууллагуудад цаг алдалгүй мэдээлдэг байхыг анхаарууллаа.
Харин цаг агаарын урьдчилсан төлөв байдлын тухайд энэ сард нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджийн орчим, бусад хэсгээр 11, 12, 1 дүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Тухайлбал, хүйтний эрч өмнөх жилүүдээс 3-4 градусаар хүйтэн байх аж. Хур тунадасны хувьд ирэх 12 дугаар сард олон жилийн дунджаас ахиу орох юм байна.
Цаг агаарын мэдээ мэдээллийг иргэд, тээвэрчид, холбогдох байгууллага тэр дундаа малчдад цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх нэн шаардлагатай байдаг. Иймд уг асуудалд анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.