Мэдээ мэдээлэл
ХЭРЛЭН СУМЫН II БАГТ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЖИШИГ ТӨВИЙН ШАВ ТАВИЛАА
2024.08.30
Хэрлэн сумын II баг, "Хэрлэн Дом" өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр тус багийн нутаг дэвсгэрт боллоо. Шав тавих ёслолд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй тус багийн удирдлага, гүйцэтгэгч компани, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд оролцлоо.
Уг барилга нь өрхийн эрүүл мэндийн жишиг төв болж баригдана гэдгээрээ онцлог бөгөөд 25х12 метр харьцаатай хоёр давхар барилга юм. Гүйцэтгэгчээр "Машин механизм" ХХК ажиллах бөгөөд 2025 онд ашиглалтад хүлээлгэж өгнө.
"Хэрлэн Дом" өрхийн эрүүл мэндийн төв Хэрлэн сумын 1, 2 дугаар багийн иргэд буюу 2400 өрхийн 8000 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Жишиг эрүүл мэндийн төвтэй болсноор ажиллах орчин нөхцөл сайжирч, иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний чанар стандарт сайжрах юм.