Мэдээ мэдээлэл
ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТББ ВЕSТ ХӨТӨЛБӨРИЙН ХЭНТИЙ САЛБАР АЙМГИЙН ЖДБ ЭРХЛЭГЧДИЙН 80 ОРЧИМ ХУВЬД ХҮРЧ АЖИЛЛАЖЭЭ
2024.08.23
BEST хөтөлбөрийн Хэнтий салбар 2021-2024 оны хугацаанд орон нутагт амжилттай үйл ажиллагаа явуулж, өнөөдөр төслийн хаалтаа хийж үр дүнгээ танилцууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож, төслийн хамт олонд талархал илэрхийлсэн юм.
BEST хөтөлбөрийн Хэнтий салбар нь 2021-2024 онд 430 жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, 1291 хувиараа бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлж ажилласнаас 294 бизнесийг өргөжин сайжрахад нь тусалж, 348 шинэ ажлын байрыг бий болгож, 4.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогын өсөлт гаргахад нь нөлөөлжээ. Энэ нь аймгийн нийт бүртгэлтэй жижиг, дунд бизнесүүдийн 80 орчим хувьд хүрч ажилласан гэсэн үг юм.
Мөн З жилийн хугацаанд нийт 198 удаагийн сургалт уулзалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 3762 жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулжээ.
Түүнчлэн Хэнтий аймаг дахь З банк, 6 ББСБ, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хоршоог хөгжүүлэх сантай хамтран 132 харилцагчид 14.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сард дунджаар 0.9%-ийн хүүтэйгээр авахад нь тусалж дэмжиж хамтран ажилласнаас гадна цаашид тогтвортой хөгжих боломжтой 12 гарааны болон жижиг, дунд бизнесүүдэд буцалтгүйгээр 120,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгожээ.
Хэнтий аймгийн 24 төрийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэн бөгөөд Авлигын эрсдлээс урьдчилсан сэргийлэх сургалтыг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар гэх мэт мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж, 118 төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтнуудад 5 удаагийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.
Энэ мэтчилэн аймаг орон нутагт хэрэгцээ шаардлагатай олон арван ажлыг санаачлан хэрэгжүүлж, өндөр үр дүн гаргасан тул BEST хөтөлбөрийн хамт олондоо талархал илэрхийлье.