Мэдээ мэдээлэл
ХҮҮХДҮҮДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ
2024.08.21
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан цэцэрлэгийн хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг эцэг эхчүүд, хүүхдүүдэд хүндрэлгүй зохион байгуулах чиглэлийг ЭМГ, БШУГ-т үүрэг болгосон.
Үүний дагуу Хэрлэн сумын 10 цэцэрлэг, 1 ясли өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд хуваарийн дагуу БТСГ-ын зааланд урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байна. Нийт 2200 орчим хүүхэд үзлэгт хамрагдах тул 11 ээлж болгон хуваарилсан байна.
Өмнө нь эмнэлгийн эмч ажилтнууд цэцэрлэг, ясли дээр очиж үзлэг хийдэг байсан тул замдаа цаг алдах, цагтаа очихгүй байх зэрэг шалтгаанаас болж тухайн цэцэрлэг дээр эцэг эхчүүд хүүхдүүд оочир дараалал үүсэж, бухимдалтай байсан юм.
Энэ удаад том зааланд зохион байгуулж байгаа бөгөөд эмч нарын баг өглөө 10-19 цаг хүртэл тухайн байранд бүтэн ажиллана. Мөн хүүхдүүдийг хүлээж байх хугацаанд БТСГ-ын Б танхимд хүлээдгийн өрөө бэлдэж хүүхэлдэйн кино үзүүлэх, тоглож саатуулах зэрэг хөгжилтэй байдлаар эмнэлгийн үзлэгийг зохион байгуулж байна.