ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 712 СУРАГЧ 12 ДУГААР АНГИА ТӨГСӨЖ БАЙНА

2024.06.07
2023-2024 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 12-р ангийг нийт 712 суралцагч төгсөж эрдмийн баяраа өнөөдөр нэгэн зэрэг тэмдэглэж байна. Тиймээс аймгийн Засаг дарга Л.Батсайхан Хэнтий аймгийн ууган сургууль болох Хэрлэн 1 дүгээр сургуулийн мөнгөн хонхны баярт оролцож багш сурагчдадаа цаашдынх нь ажилд амьдралд өндөр амжилт хүсэж баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Дашрамд сонирхуулахад аймгийн хэмжээнд 12 жилийн сургалттай сургууль 13, 9 жилийн сургалттай сургууль 13, бага боловсрол эзэмшүүлэх 5 жилийн сургалттай 2 сургууль тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн орон нутгийн удирдлагуудын хувьд боловсролын салбарт түлхүү анхаарлаа хандуулж ирсний үр дүнд сүүлийн 3 жилийн хугацаанд 6 сургууль, 6 дотуур байр, 15 цэцэрлэгийн барилгыг тус тус шинээр ашиглалтад оруулж, цэцэрлэгийн орны тоог 1700-аар, сургуулийн суудлын тоог 3700-аар, дотуур байрны орны тоог 600-аар тус тус нэмэгдүүлж, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулжээ. Харин энэ онд 2 сургууль, 1 дотуур байр, 2 цэцэрлэг ашиглалтад орно.