ЗҮҮН БҮСИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

2024.06.07
"Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ Дулааны цахилгаан станцыг 2024.06.06-нд ашиглалтад хүлээн авлаа.
Жилд 300 сая.кВц цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг эрчим хүчээр найдвартай хангах, нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх боломж бүрдэж байна.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “TBEA” ХХК шалгарч, Хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийн санхүүжилт, улсын төсвийн 21.9 сая ам.долларын санхүүжилтээр гүйцэтгэсэн юм.
Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологийг шингээсэн, эрчим хүч, дулааны үйлдвэрлэл хосолсон шинэ станц ашиглалтад орсноор:
• Цахилгаан эрчим хүч боловсруулалт 300 сая.кВц-аар буюу 130 хувиар нэмэгдэх,
• Дулааны эрчим хүч боловсруулалт 100 Гкал/цагаар нэмэгдэх,
• Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн өрсөлдөх чадвар дээшилж, төвлөрсөн хот суурин газрууд бий болох таатай нөхцөл бүрдэх,
• Төвийн бүсээс 15-17 МВт-ын цахилгаан эрчим хүч шаардлагагүй болох ба нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх
• 130 орчим байнгын ажлын байр бий болох зэрэг ач холбогдолтой юм.
Төслийн үргэлжлэх хугацаанд давхардсан тоогоор Монгол, БНХАУ, Вьетнам улсын нийт 1,570 инженер техникийн ажилтан, 80 гаруй тусгай зориулалтын машин, механизм барилга угсралтын ажилд оролцсон байна.
Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм.