Мэдээ мэдээлэл
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ, НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭНИЙ ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2024.05.28
Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой энэ онд тохиож буй. Уг ойн баярыг Хэнтий аймгийн Онцгой байдлын газар өнөөдөр тэмдэглэж байна. Баярын жагсаал 11:40 цагт төв талбайд эхэлж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав баяр хүргэж үг хэллээ.
Тэрбээр "Та бүхний байгуулсан гавъяа, аварсан амь нас, хамгаалсан эд хөрөнгө асар их билээ. Зөвхөн сүүлийн 3 жилийн хугацаанд гэхэд гамшиг ослоос 157 иргэний амь нас, 4.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Бидний зүгээс албаны хүч хэрэгслийн чадавхийг нэмэгдүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллаж буй. Тодруулбал, сүүлийн 3 жилийн хугацаанд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд 500 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, автомашин, хувцас хэрэглэлээр хангасан. Бор-Өндөр сумын Онцгой байдлын хэлтэст 2 автомашин, аймгийн ОБГ-т 2 авто машин хүлээлгэн өгч, үүрэг гүйцэтгэх боломжийг дээшлүүлсэн.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газар нь Хэрлэн сум, Бэрх тосгон, Баян-Адарга сум, Жаргалтхаан суманд салбар нэгжээ байгуулж, үйл ажиллагаагаа иргэдэд улам ойртуулж, гамшиг ослын дуудлагад цаг алдалгүй тусламж хүргэх боломжтой болсон байна.
Дэлхий нийтээр тархсан цар тахал, байгаль орчны гамшигт үзэгдэл болох цас зуд, шуурга, үер усны аюул, мал амтны сэг зэм устгалын нөр их ажил зэрэг бүхий л хүнд цаг үед, ачаалал даан идэвх зүтгэлтэй, эрэлхэг зоригтойгоор сэтгэл гарган ажиллаж, амжилттайгаар хамт даван туулсан нийт албан хаагч, офицер ахлагч та бүхэнд өөрийн болон ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлье" хэмээн ярилаа.
Аймаг орон нутгийнхаа нийт ард түмний амь нас, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн буй орчноо гамшиг ослоос хамгаалах эрэлхэг үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй нийт алба хаагчдадаа дахин баяр хүргэе.
+29