ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ТАРЬСАН МОДЫГ АРЧЛАХ АЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ ИРГЭДИЙГ СУМ, ТОСГОН БҮРТ АЖИЛЛУУЛНА

2024.05.14
Хэнтий аймаг 2030 он хүртэл 30 сая мод тарихаар төлөвлөсөн. Үүний 1,2 сая модыг энэ жил тарина. Үүнээс 190 мянга орчим модыг төв суурин газрын ногоон байгууламжид тарих бөгөөд энэхүү ажлыг эрчимжүүлэх зорилгоор АЗДТГ-аас “Нэг байгууллага-Нэг цэцэрлэгт хүрээлэн” аяныг өрнүүлж байна.
Тус аяны хүрээнд аймгийн хэмжээнд 158 байгууллагад 99 ногоон байгууламжийг хуваарилсан бөгөөд эдгээр байгууллагууд 2023 он хүртэл хуваарьт газраа мод тарьж, тарьсан модоо услах, арчлах ажлыг давхар хариуцах юм.
Модны арчлах ажилд хяналт тавих зорилгоор 18 сум, 5 тосгоноос нийт 25 иргэний төлөөллийг ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр АЗДТГ-ын дарга бөгөөд Тэрбум мод хөтөлбөрийн ажлын хэсгийн дарга Ж.Гантулга эдгээр иргэд болон сумын Засаг дарга нартай цахимаар хурал хийж гэрээг танилцууллаа. Мөн Хэрлэн сумын ногоон байгууламжид хяналт тавих Г.Оюун, В.Онон нартай гэрээ байгуулсан юм.
Эдгээр иргэд 5-10 дугаар сарын хугацаанд сард 3 удаа тухайн байгууллагуудыг хариуцсан цэцэрлэгт хүрээлэнгээ хэрхэн арчилж, модоо хэрхэн усалж байгаа тал дээр хяналт тавьж сар бүр тайлангаа ирүүлснээр тодорхой хэмжээний урамшуулал авна.