“ТАРЬЯ-АРЧИЛЪЯ-УРГУУЛЪЯ”

2024.05.09
"Тэрбум мод үндэсний хөдөлгөөн"-ий хүрээнд 2024 оны Хаврын мод тарилтын ажил эхэллээ. Хаврын тарилтаар ногоон байгууламж нэмэгдүүлэх, доройтсон ойг нөхөн сэргээх, голын татамын ойн нөхөн сэргээх, хөрсний доройтлоос хамгаалах ойн зурвас байгуулах чиглэлээр нийт 200 орчим мянган мод тарина. Сумын болон сум дундын ойн ангиуд мод үржүүлгийн газартаа шилмүүст болон навчит модны 50 кг үрээр үрийн тариалалт суулгах ажлыг хийнэ.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд нийт 1,2 сая мод тарьсан ба амьдралтын хувь нь 78-80 хувьтай буюу 1,0 сая мод нь ургаж байгаа гэсэн үнэлгээтэй байгаа бөгөөд нийт модны 70-80 хувийг ойг нөхөн сэргээх ойжуулах арга замаар тарьж ургуулж байгаа юм.
Харин энэ онд 1,2 сая мод тарихаар төлөвлөсөн бөгөөд ойг нөхөн сэргээх ойжуулалтын ажлаар 902 мянган мод, ногоон байгууламжид 190 мянган мод, татмын ойн нөхөн сэргээлтээр 27,5 мянган мод, хөрсний доройтол цөлжилтөөс сэргийлэх хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлаар 17 мянган мод тарихаар төлөвлөжээ.
Энэ жилийн хувьд тарьсан модоо арчлах, услах, ургуулах тал дээр түлхүү анхаарч ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав илэрхийлсэн юм.
Үүний тулд 18 сумын 170 гаруй төрийн байгууллагуудыг уриалан “НЭГ БАЙГУУЛЛАГА-НЭГ ЦЭЦЭРЛЭГ” аяныг өрнүүлж байгууллага тус бүрт нь суурин газрын ногоон байгууламж, ойн зурвасыг хариуцуулан эзэнжүүлэх ажлыг эхлүүлж байна. Эдгээр байгууллагууд 2030 оныг дуустал тухайн ногоон байгууламжаа хариуцаж, өөрсдийн нэр хаяг бүхий самбар байршуулж, жил бүр шинээр мод тарьж, тарьсан модоо арчилж, ургуулж, хамгаалж ажиллана. Арчлалт, усалгааг хэрхэн зохион байгуулж байгаа тал дээр хяналт тавих сайн дурын 25 ажилтныг аймгийн хэмжээнд ажиллуулахаар болсноос гадна хэвлэл мэдээлэлтэй хамтран явцын мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллана.
Мөн “Өрх бүр ногоон төгөл” аяныг өрнүүлж, хувийн хэвшлийн ААН-үүдийг мод тарих ажилд уриалах зэргээр “Тэрбум мод хөдөлгөөн”-ийг идэвхжүүлэхээр шийдвэрлэжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
+8