ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОГ 9 АЖИЛ

2024.05.02
/Төрийн албаны зөвлөлийн гишүүн, ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагвын илтгэлээс/
1. Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шинэтгэлийн эхний үеийн /2019-2023/ үр дүнгийн сургамж, дүгнэлтийг нэгтгэн, төрийн албаны мерит тогтолцооны суурийг тавьж бэхжүүлэв.
2. Төрийн албаны цахим мэдээллийн санд “Иргэний бүртгэл”, “Боловсролын мэдээллийн сан”, “Хур”, “Төрийн албаны цалингийн нэгдсэн систем”-тэй төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийг холбосон нь мэдээллийг боловсруулах, дамжуулах, солилцох, их өгөгдөл /data/-г ашиглах үйл ажиллагаанд үр нөлөө үзүүлж, бүртгэл мэдээллийн чанарт ахиц гарсан байна.
3. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын агуулга, сонгон шалгаруулалтын журмыг нэгтгэн шинэчилж, цахимжуулан, уян хатан хугацааны зохицуулалт хийж, үр дүнг цахим системд ил тод, нээлттэй болгосон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулалтад оролцох боломж, нөхцөлийг хангасан
4. Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн албан тушаалыг дүйцүүлэх, төрийн тусгай болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны зохих албан тушаалтай адилтгах дүрэм журмыг батлан хэрэгжүүлснээр төрийн албаны ангилал хооронд нөөцийн бүрдүүлэлтийг нэмэгдүүлсэн.
5. Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулснаар хууль бус зөрчилтэй томилгоо огцом буурч, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох чиг үүргийг хэрэгжүүлж байгаа нь тодорхой үр дүнд хүрч байна. Төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх ажил эрчимжиж байгаа нь томилох эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага, эдийн засгийн хөшүүрэг үр дүнтэй нөлөөлж, хуулийн хэрэгжилт сайжирч байна.
6. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах чиглэлээр төрийн албаны цалин хөлсний бүтэц, цалингийн тогтолцооны шинэтгэлийг үе шаттайгаар үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж үр дүн гарч байна.
7. Төрийн албаны Чадахуйн зарчмыг хэрэгжүүлэх хүний нөөцийн аудитыг эхлүүлсэн. Төрийн байгууллагын ялангуяа захиргааны албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтын нийтлэг шаардлага, стандартыг мөрдүүлэн, зөвшөөрөл олгон хэрэгжүүлж хэвшлээ.
8. Төрийн албаны зөвлөлийн вебинар 7:4:10 сургалтын хамрах хүрээ өргөжиж, цахим сургалтын жишиг соёлыг хэвшүүлсэн. Төрийн албаны албан тушаал бүрээр мэргэшүүлэх сургалтын тогтолцоог бүрдүүлэн, агуулгыг өргөжүүлж, зайнаас суралцах, үнэлж дүгнэх, цахим платформ нэвтрүүлэн суралцах боломжийг нэмэгдүүллээ.
9. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль шинээр батлагдаж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг тогтоосон эрх зүйн зохицуулалт, тогтолцоог сайжруулах эхлэлийг бүрдүүлж, соён гэгээрүүлэх сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна.
1 хүн нарын зураг байж магад