Мэдээ мэдээлэл
СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРОО БАЙГУУЛАГДЛАА
2024.04.29
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны 23 дугаар тогтоолоор дарга, нарийн бичгийн дарга, 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Аймгийн сонгуулийн хороо 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор сумдын сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлаад байна.
Сумдын сонгуулийн хороо нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу 5 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө хэсгийн хороог дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.
Хэсгийн хороодын бүрэлдэхүүнд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан шаардлага хангасан төрийн албан хаагчдыг томилох тул 5 дугаар сарын 01-ний дотор сумын хэмжээнд нөөцийг хангалттай бүрдүүлж, сонгуулийн ерөнхий хорооны нээлттэй сургалтад хамруулж, гэрчилгээ авахуулах чиглэлийг хүргүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 726 төрийн албан хаагч нөөцөд бүртгэгдээд байгаа юм.
АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО
+15