2024 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧОО ХУРАЛДЛАА

2024.04.17
2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-24 хүртэлх хугацаанд Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан тосгон, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн сумд, Чингис хотод энэ сарын 28, 29-нд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан цэрэг татлагын товчоо хуралдаж ажлын хэсгийн гишүүд болон сумдын Засаг дарга нарт анхаарах асуудлын талаар Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Цэнддорж мэдээлэл хийж, цэрэг татлагын товчооны дарга Ж.Гантулга үүрэг чиглэл өглөө.
Цэргийн албан татагдагчдын эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийг Засгийн газрын 144 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын дагуу үзлэг, шинжилгээ, оношлогоог чанартай зохион байгуулахад анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн газрын дарга болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нарт анхаарууллаа.
Мөн сумдын Засаг дарга нарт аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас явуулсан нэрсийн дагуу зарлан дуудах хуудсыг заасан хугацаанд хүргүүлж цэргийн насны залуучуудыг бүрэн хамруулах, цэрэг татлагын байрыг стандартын дагуу бэлтгэж, цэрэг татлагын товчоог ажиллах нөхцөлөөр бүрэн хангах, цэргийн албанаас халагдаж ирж буй дайчдыг угтан авах, цэргийн албанд шинээр татагдаж буй дайчдын аюулгүй байдалд анхаарч сумаас Чингис хот руу тээвэрлэх үеийн бүх талын аюулгүй байдлын арга хэмжээг авч ажиллахыг анхаарууллаа.