“ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2024.04.10
“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд зохион байгуулагдсан “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” бодлогын хэлэлцүүлэг “ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. Тус хэлэлцүүлгийн илтгэлүүдээс товч дүгнэвэл:
1. “Шинжлэх ухаан, технологийн бодлого ба түүнд суурилсан хөгжлийн шийдэл” БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга доктор (Ph.D), дэд профессор Д.Баттогтохын илтгэлд:
- Орон нутагт тулгамдсан асуудлаа тодорхойлж, салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээг хийж, гарц шийдлийг олж, орон нутаг хамтран ажилласнаар асуудлаа шийдвэрлэн эерэг сайн үр дүн бий болгосон жишээг Булган аймгийн Гурванбулаг суманд хэрэгжүүлсэн “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандан судлах, нөхөн сэргээх туршилт” төслийн жишээгээр танилцууллаа. Мөн мэдлэгийг баялаг болгохыг инноваци гэж тодорхойлсончлон орон нутаг хөгжлийн гарц шийдлээ тодорхойлж, асуудлыг шийдвэрлэхдээ орон нутгийн нөөц боломждоо тулгуурлан шинжлэх ухаан, технологийг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн бий болгосноор орон нутгийн эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг бий болгох боломжтой гэдгийг дурдлаа.
2. “Шинжлэх Ухааны Академийн судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг бүс нутгийн хөгжилд ашиглах боломж” ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатарын илтгэлээс:
- Монгол Улсын шинжлэх ухааны салбарын ололт амжилтууд, түүний үр дүнд үйлдвэрлэл практикт нэвтэрсэн инновацийн бүтээгдэхүүнүүдийн тухай мэдээлэл танилцуулгыг сонсож, цаашид ШУА, түүний салбар хүрээлэн, судалгаа хөгжлийн төвүүдтэй аль салбарт, ямар тэргүүлэх чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тухайлбал үндэсний хэмжээнд өрнүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд болон орон нутгийн тулгамдсан асуудлын нэг Хог хаягдлын менежментийг сайжруулахад, түүх соёлын дурсгалуудын археологийн судалгаа гэх мэт чухал салбаруудад цаашид хамтран ажиллах боломжтой юм.
3. “Бүсчлэн хөгжүүлэх асуудал ба аялал жуулчлалын кластер бүсчлэл” ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор (Ph.D), дэд профессор М.Алтанбаганын илтгэлд:
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын талаарх бодлого чиглэл, бүсчилсэн хөгжил ба ШУ, технологийн хөгжлийн чиг хандлага, яагаад бүсчлэн хөгжүүлэх шаардлагатай талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгааны тайлбарыг авч, улс, үндэсний хэмжээнд, бүсийн хэмжээнд Хэнтий аймагт хөгжүүлэх боломжтой аялал жуулчлал, тээвэр логистик, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн кластер бүсчлэл, холболтуудыг танилцуулав.
4. “Хэнтий аймгийн нутаг дахь Хүннүгийн дурсгалын судалгаа” ШУА, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Г.Эрэгзэнгийн илтгэлээс:
- Хэнтий аймагт Хүннүгийн үеийн 30 гаруй байршилд, 1000 гаруй дурсгал судлагдаад байгаа ба цаашид судалгааны ажлыг эрчимжүүлэх, судлах, аялал жуулчлал, үзвэрийн бүтээгдэхүүн бий болгох боломжтой хэд хэдэн дурсгал, бунхан байна. Мөн Баян-Адарга сум дахь Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгал газарт 2006 оноос эхлэн жил бүр тасралтгүй судалгаа, малтлага хийж байгаа ба олдворууд дурсгалт зүйлсийг Хэнтий аймгийн музейд байршуулсан. Цаашид Дуурлиг нарсны музей, судалгааны төв байгуулахаар хамтран ажиллаж байна.
5. “Хоршоололд суурилсан хөдөө аж ахуйн хөгжлийн загвар ба 6-р аж үйлдвэржилт” ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн доктор (Ph.D), профессор Ч.Баасандашийн илтгэлээс:
- Хэнтий аймагт 169 хоршоо байна. Нийт ААН-ийн 2 орчим хувь нь хоршоо байгаа ба малчин өрхийн 30 гаруйхан хувь нь л хоорондоо хоршиж нөхөрлөж байна. Цаана нь 70 орчим хувь нь хоршиж нөхөрлөөгүй байдал нь эдийн засгийн хөгжилд нэмэргүй ба маш өндөр эрсдлийг бий болгож байгааг энэ өвөл, хаврын зуднаас харагдаж байна. Иймээс хоршоодын хамтралыг бий болгож, сум суурин бүр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгож кластер бүсчлэлд орж, үйлдвэрлэл технологийн паркуудтай хамтран ажиллаж 6-р аж үйлдвэржилтийг эхлүүлэх шаардлага тулгарч байгаа юм.
6. “Орон нутагт хөдөө аж ахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх боломж” Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал доктор (Ph.D), Б.Амарсанаа:
- Шинжлэх ухааны парк бол улс, бүс, олон улс, үндэсний хэмжээнд нөлөөлөхүйц эдийн засгийн чухал импакт /хүчин зүйл/ юм. Байгалийн нөөц баялгийн давуу байдалд түшиглэн дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэхэд ШУТПаркийг байгуулж хөгжүүлэх нь ач холбогдолтой болох талаар танилцууллаа.