НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА, ХЭНТИЙ АЙМАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛӨӨ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

2024.03.26

Нэгдсэн Үндэсний байгууллага, Хэнтий аймаг 2024-2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөний төслөө цахимаар хэлэлцлээ. Энэхүү хэлэлцүүлэгт Нэгдсэн Үндэсний байгууллагын төлөөлөл, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ЭМГ, БШУГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Өнгөрсөн жилийн хувьд НҮБ-аас Хэнтий аймагт Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх төсөл, Хэрлэн 4 дүгээр сургуульд ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах төслийг тус тус хэрэгжүүлсэн байдаг. Энэ удаад төсөл хэрэгжүүлж байгаа 5 аймагтайгаа хамтран ажиллах төлөвлөгөөг батлахаар болсон бөгөөд талууд харилцан оролцоотойгоор, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх юм. Цахим уулзалтаар аймгийн Нэгдсэн эмнэлгээс дутуу нярайн төрөлтөөс урьдчилан сэргийлэх, дутуу төрсөн ээжүүдэд зөвлөгөө өгөх сургагч багш бэлдэх, өсвөр насны хөвгүүдийн биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах Эрүүл Монгол хөвгүүд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаараа танилцуулсан юм. Хэнтий аймгийн хувьд Нярайн эндэгдлийн түвшин улсын түвшнээс доогуур үзүүлэлттэй байгаа хэдий ч нийт эндэгдлийн 50 хувиас дээш нь дутуу нярайн эндэгдэл эзэлж байгаа юм. Тиймээс дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ээжүүдэд сургалт хийх, мэдээлэл өгөх, сургагч багш бэлтгэх шаардлагатай байгаа аж. Харин БШУГ-аас Хөгжлийн бэрхшээлтэй 153 хүүхэд ЕБС-д хамрагдаж чаддаггүй, 52 хүүхэд СӨБ-д хамрагдаж чадахгүй байна. Тиймээс эдгээр хүүхдүүдийг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлэх, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, үе тэнгийн дарамтаас сэргийлэх хөтөлбөр, цэцэрлэг болон сургуулиудын гал тогоонд ус цэвэршүүлэгч суурилуулах, агааржуулалтыг шийдвэрлэх зэрэг саналуудаа хэллээ. Эдгээр саналуудыг хамтран ажиллах төлөвлөгөөний төсөлд тусгаж НҮБ-д хүргүүлэхээр болсон юм.