ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

2024.03.03
Үйл явдлын мэдээ

Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын төлөвлөлт, Улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж, аймгийн Шуурхай штабыг хуралдууллаа. Улсын Онцгой комиссын даргын “Шуурхай штаб байгуулах тухай” 08 дугаар тушаалыг үндэслэн аймгийн Онцгой комиссын даргын 2023 оны 05 дугаар тушаалаар аймгийн Шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Шуурхай штабын даргаар аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, нарийн бичгийн даргаар ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан нар томилогдож ажилладаг. Нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй, 24 цагийн турш хуваарийн дагуу Шуурхай штабын байранд үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд сумд, байгууллагад албан тоот 15, цахим хурал 9, үүрэг хүргүүлэх тухай албан тоот 15-ыг тус тус гаргаж хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагаас гадна Улс, аймгийн Онцгой комисс, шуурхай штабыг мэдээ мэдээллээр хангаж, судалгаа мэдээллийг тухай бүрт нь хүргүүлж ажилладаг. Энэхүү хуралдаанаар Хэнтий аймгийн Шуурхай штабын үйл ажиллагааны танилцуулгыг Шуурхай штабын дарга Л.Батсайхан танилцуулсан бөгөөд ажлын хэсгийн зүгээс дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд

-Мэдээлэл судалгааг, үнэн бодитой шуурхай гаргаж өгөх тал дээр анхаарч ажиллах, малчдын сайн туршлагын талаарх мэдээллийг нийтэд хүргэх, улс, аймгаас олгож байгаа дэмжлэгийг давхардуулан олгохгүй байх, зөв хүндээ хүрч байгаа эсэхэд хяналт тавихыг Шуурхай штабт

-Малчдын эрүүл мэндэд анхаарал хандуулж, дуудлагаар очихоосоо илүүтэй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг газар дээр нь очиж зохион байгуулахыг ЭМГ-т

-Малын хорогдлын мэдээг үнэн бодитоор гаргах, мал төлөлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргахыг ХХААГ-т

-Сэг зэм устгалын талаар авах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, танилцуулахыг Мал эмнэлгийн газарт

-Нийгмийн халамжийн чиглэлээр судалгаа гаргаж, ажил арга хэмжээ зохион байгуулахыг ХХҮГ-т

-Сумын Онцгой комиссоор дамжуулан малчдад олгож байгаа дэмжлэгийг хэрхэн хуваарилж, олгож байгаа тал дээр хэсгийн төлөөлөгчөөрөө дамжуулан хяналт тавихыг Цагдаагийн газарт тус тус даалгалаа. Мөн энэ үеэр НҮБ-ын Хүн амын сангаас олгосон 30 ширхэг эмэгтэйчүүдийн багцыг хүлээлгэж өгсөн юм. Үргэлжлүүлээд ажлын хэсгийнхэн Мөрөн суманд ажиллана.