ӨМНӨДЭЛГЭР СУМЫН МАЛЧДАД 8 ТОНН ХИВЭГ ОЛГОЛОО

2024.02.28
Өмнөдэлгэр сумын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, ДЗОУБ-ын Бор-Өндөр II хөтөлбөрийн менежер Г.Жаргалбат болон сумын малчид, иргэд оролцлоо. Хуралдаанаар сумын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Мөн энэ үеэр ДЗМОУБ-ын Бор-Өндөр II хөтөлбөр, аймгийн Онцгой комисстой хамтран 8 тн тэжээлийн хивгийг Өмнөдэлгэр сумын 40 өрхөд олголоо. Өмнөдэлгэр сумын тухайд Баянзүрх, Хэнтий багууд цагаанаар Наран, Талынбулаг, Чандган, Төвийн, Гурванбаян багууд цагаан зудтай байна. Энэ онд 1548 өрхөд 546 мянган толгой мал тоолуулснаас өвөлжилт хүндэрч долоон багийн 7202 толгой мал буюу нийт малын 1.3 хувь нь /2024.02.21-ний өдрийн байдлаар/ зүй бусаар хорогджээ.
Мөн өвөлжилт, хаваржилт хүндэрснээс шалтгаалан 393 өрх цасанд боогдсон бол 646 өрхөд өвс тэжээл, 38 өрхөд хүнсний тусламж нэн шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор сумын аюулгүйн нөөцөд байсан 61 тн өвс, 40 тн тэжээлийг 160 өрхөд олгосон бол Засгийн газраас 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 240 шуудай тэжээлийг зургаан багийн 160 малчин өрхөд өгчээ. Мөн улаан загалмайн хорооноос 2.2 тн хорголжин, Стрийм төслийн хүрээнд 48 өрхөд тэжээл, 1.7 тн ашигт долооцыг тус тус олгожээ.
Түүнээс гадна Дэлхийн банкны хөрөнгө оруулалттай хэрэгжүүлж байгаа МАА-н ЭЗЭН төслөөс Баянзүрх багийн 50 өрхөд 4 тн хорголжин тэжээлийг олгосон байна. Харин одоогоор Багануур ХХК-аас 500 шуудай нүүрс, 100 шуудай хивэг тараах ажил явагдаж байна. Мөн аймгийн Онцгой комиссын зүгээс 5 сая төгрөгийн хүнсний багц олгох юм.