ГАЛШАР, ДАРХАН СУМД БОЛОН БАЯНМӨНХ СУМЫН 2 БАГ “ТӨМӨР ЗУД”-ТАЙ БАЙНА

2024.02.19
Хэнтий аймгийн хэмжээнд Галшар, Дархан сумын нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянмөнх сумын Баянбулаг, Дулаан багууд төмөр зудтай байгаа бол Дадал сумаас бусад сумд цагаан зуд, цагаан зудархуу нөхцөл байдалтай байгаа юм.
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор мал бэлчээрт өл залгаж чадахгүй болох шалтгаанаар нь зудыг цагаан, хар, туурайн, шуурган, төмөр буюу мөсөн зуд гэж ялгах бөгөөд тэдгээрт дор дурдсан нөхцөлийг хамруулж үздэг юм байна. Үүнд “төмөр буюу мөсөн зуд” гэж цаг зуурын дулааралт, хүйтрэлтийн улмаас цасны өнгөн хэсэг буюу гүнд мөсөн бүрхэвч тогтсоноос мал бэлчээрлэх боломжгүй болсон, эсхүл цасны нягт 0.35 г/см3 болон түүнээс их болсон байх нөхцөлийг хэлдэг аж.
Зудыг үнэлэхдээ үндсэн бол тусгай шалгуур үзүүлэлтүүдээр тодорхойлдог бөгөөд үндсэн шалгуур үзүүлэлтэд өмнөх зуны ургамлын ургалтын байдал, тухайн арав хоног, сарын эцэст хэмжсэн бэлчээрийн цасны дундаж зузаан, нягт, арав хоног, сарын агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай нь жишсэн утгаар, туслах үзүүлэлтийг агаарын хоногийн хамгийн бага температур болон салхи шуургатай хоногийн тоог үндэслэн тодорхойлдог юм байна.
Өнөөдрөөс эхлэн аймгийн Онцгой комисс, Улсын Онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг цасанд боогдсон зам харгуйг чөлөөлөх, айл өрхүүдэд хүнс, түлээ, түлш, малын өвс тэжээл хүргэх зорилгоор өвөлжилт хүндэрсэн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Батноров, Баянмөнх, Галшар, Баянхутаг, Дархан сумдад ажиллана.