АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, “МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГ”, "ДЭЛХИЙН ЗӨН” ОУБ-ТАЙ ХАМТРАН ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН 7 СУМЫН МАЛЧДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

2024.02.16
Хэнтий аймгийн Онцгой комиссын 03 дугаар хурал өнөөдөр болж 4 асуудал танилцуулж, 2 асуудал хэлэлцлээ. Тодруулбал Цаг агаарын нөхцөл байдлын танилцуулга УЦУОШТөв, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал- Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал амьтны гоц халдварт өвчлөлийн танилцуулга- Мал эмнэлгийн газар, Галшар, Баянмөнх сумд цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.
Аймгийн хэмжээнд 17 сумын нутаг дэвсгэрт тэмээ 33, адуу 8419, үхэр 9660, хонь 57445, ямаа 46411 нийт 121968 толгой мал хорогдсон нь нийт малын 2,7 хувийг эзэлж байна. Малын хорогдол Дархан, Галшар, Баянмөнх, Бор-Өндөр, Мөрөн сумдад хамгийн өндөр буюу 1,3-18 хувийг эзэлж байгаа юм.
Галшар, Баянмөнх сумд төмөр зудтай байгаа бол Дархан сум төмөр зуд болох нөхцөл бүрдсэн талаар мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
Өнгөрсөн хугацаанд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Дорнод аймгийн Мэнэнгийн талаас 25,0 мянган боодол өвс татаж малчдадаа хөнгөлөлттэй үнээр олгох, Улсын Онцгой комиссоос олгосон 175 тн хивгийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох, зарим сумдад машин техникийн дэмжлэг үзүүлэх, зам даваа гүвээ нээх зэрэг ажлуудыг зохион байгуулсан бол энэ удаад “Монголын Улаан загалмайн нийгэмлэг”, Дэлхийн Зөн” ОУБ-тай хамтран өвөлжилт хүндэрсэн 7 сумын айл өрхөд 100 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Түүнчлэн Улсын онцгой комиссод туулах чадвар сайтай автомашин, 92,9 мянган боодол өвс, 46,4 мянган шуудай тэжээлийн дэмжлэг хүссэн албан бичгийг тус тус хүргүүлээд байна.
Мөн малчдадаа туслах сайн дурын аяныг зохион байгуулж, төрийн байгууллага иргэдийг уриалах ажлыг идэвхжүүлэхээр болсон юм.