Мэдээ мэдээлэл
ГАЛШАР, БАЯНМӨНХ СУМД ТӨМӨР ЗУДТАЙ БАЙНА
2024.02.15
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, аймгийн ОБГ, УЦУОШТ-өөс мэдээлэл хийлээ.
Аймгийн хэмжээнд бүх нутгаар битүү цасан бүрхүүл тогтсон, цасны дундаж зузаан 8-19 см байна. Цасны зузаан Хэрлэнбаян-Улаан тосгонд хамгийн бага буюу 8 см, хамгийн их нь Гурванбаян тосгонд 19 см байгаа бол хунгар, гуу, жалгандаа 40-60 см байна. Цасны дундаж нягт 0.16-0.31 г/см³ байгаа юм. Галшар, Баянмөнх сум төмөр зудтай, Дадал сумаас бусад сумд цагаан зуд, цагаан зудархуу нөхцөл байдалтай байгаа аж.
Аймгийн Онцгой комиссоос 10850 өрх айлд 17846 боодол өвс, 175 тн хивэг, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж, цасан шуурганы улмаас төөрсөн сураггүй болсон, орон нутгийн замд тээврийн хэрэгсэлтэй зорчиж цасанд суусан 165 иргэнийг олж, зудын хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ. Мөн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр 1273 иргэнд үзүүлсэн. Аймгийн хэмжээнд 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 121968 толгой мал хорогдсон бөгөөд Дархан, Галшар, Баянмөнх, Мөрөн сумдууд хамгийн өндөр хорогдолтой байна. “Дэлхийн Зөн” ОУБ-аас 5 сумын 225 өрхөд 35 сая төгрөгийн үнэ бүхий малын тэжээлийн тусламжийг, “Монголын Улаан загалмайн нийгэмлэг”-ээс 2 сумын 100 өрхөд 60 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Өвөлжилт хүндэрсэн сумдад Онцгой байдлын байгууллагаас 8 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр, Зэвсэгт хүчний анги байгууллагаас 2 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, Хилийн цэргийн анги, байгууллагаас 4 алба хаагч, 1 нэгж техниктэйгээр ажилласан. Батширээт сумын Эгийн голын ус халиа үүсэн төвийн Онон багийн 3 айл өрх усанд автах эрсдэл үүссэнийг нүүлгэн шилжүүлж айл өрхүүд рүү орж байгаа усыг хааж шороо хаалт босгох ажлыг сумын мэргэжлийн ангийн 20 иргэн 4 техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар цасанд боогдсон 9 сумын 25 багийн 1331 өрх байгаа бөгөөд айл өрхөд 3800 гаран км зам гаргах шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Тун удахгүй аймгийн Онцгой комисс хуралдах бөгөөд эдгээр мэдээлэлтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа Онцгой комисст танилцуулахаар боллоо.